Ж.Эрдэнэбат: Эдийн засаг хүндэрсэн ч халамжийг огцом бууруулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-02 16:51:48

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд “Нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал,тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд "Нийгмийн халамжийн анхны бие даасан хуулийг 1995 онд батлан хэрэгжүүлснээс хойш 20 гаруй жил өнгөрсөн. Үүнээс хойш Нийгмийн халамжийн багц хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулсан ба  одоо нийгмийн халамжийн чиглэлийн 5 хуулийг мөрдөж буй. Нийгмийн халамжийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа ба жилд дунджаар нийтдээ 730.0 мянга орчим иргэн халамжийн үйлчилгээ хүртэж байна. Өнгөрсөн оны байдлаар хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээнд 260.6 тэрбум төгрөгийг зарцуулсан нь ДНБ-ий 1.1 хувь, хүүхдийн мөнгийг оруулан тооцвол ДНБ-ий 2.1 хувьтай тэнцэж байна. Ер нь дундаж орлоготой гадны улс орнууд ДНБ-ийхээ 1.6 орчим хувийг, өндөр орлоготой улс орнууд ДНБ-нийхээ 1.9 орчим хувийг нийгмийн халамжид зарцуулж байна" гэлээ.

Түүнчлэн өнөөгийн түвшинд нийгмийн халамжийн үйлчилгээний нэр төрөл олон, хамрах хүрээ хэт өргөн байна. Мөн халамжийн нийт зардал өндөр хэдий ч ядуу, амьжиргаа багатай иргэнд очих халамжийн тэтгэмж, тусламжийн хэмжээ бага. Халамжийн хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсээр байгаа ч ядуурал дорвитой буурахгүй байгаа зэрэг анхаарвал зохих асуудал байсаар байгааг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдав.

Гэхдээ Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүй гэсэн бодлого барьж байгаа аж. Цаашид Засгийн газраас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх, иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс “Халамж хүртэгчээс- хөдөлмөр эрхлэгч” болгох бодлогыг хэрэгжүүлэх, зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг орон нутгийн байгууллага, ажилтнуудын оролцоотойгоор хэрэгжүүлж, жилд 13.0 мянга, 4 жилийн хугацаанд 55.0 мянган өрхийг сонгон, амьжиргааг нь дээшлүүлж, нийгмийн үйлчилгээнд бүрэн хамруулан, хөдөлмөр эрхлүүлэх зэргээр тэднийг ядуурлаас гаргах, халамжийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээс гадна аж ахуй нэгжүүдээс зорилтот бүлэгт зарцуулсан хөрөнгийн бүртгэл мэдээллийг сайжруулж, хувийн хэвшилд татварын хөнгөлөлт эдлүүлэх замаар халамжийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх гэнэ.

Одоогийн түвшинд Засгийн газраас "Насны хишиг"-ийг 120,0 орчим мянган ахмад настанд жилд 2 удаа 50.0-250.0 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болсны зэрэгцээ тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд “Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Хоёр хүртэлх настай хүүхэдтэй болон олон хүүхэдтэй  өрхийг дэмжих  зорилготой “Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцүүлээд байгаа хэмээн Ерөнхий сайд мэдээлэв.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж гаргасан АН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм. Тус бүлэг Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт хуваах замаар ялгаварлан өгөх шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон хэмээн дүгнэсний зэрэгцээ ахмадуудыг насаар нь ялгаварлан гадуурхаж “Насны хишиг” нэртэй тэтгэвэр олгохоор болсон нь Монголын ахмадуудыг тохуурхсан хэрэг боллоо. Хүүхдийн мөнгийг эцэг эхийнх нь амьжиргаагаар ялгаварлан олгож байгаа асуудлыг болон Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас ямагт шаардах болно. Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн найруулснаар тогтолцооны өөрчлөлтийг хийнэ гэсэн нь дэндүү өрөөсгөл бөгөөд гэнэн харагдаж байна хэмээн үзжээ.

Б.Туул

 

                       

 
Холбоотой мэдээ