М.Ганболд:Би арга зүйч байхдаа алмас харсан юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-02 09:44:30

Ховд аймагт Сургалт аргазүйн байгууллага үүсэж хөгжсөний 60 жилийн ой 12 сарын 05-нд болох юм. Түүхт ой угтаж тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн сэхээтнүүд дурсамж ном гаргаж байна. Ховд их сургуулийн багш, түүхийн ухааны доктор, сэтгүүлч Мөнгөнхүүгийн Ганболд алмас харсан сонирхолтой дурсамж бичжээ.

Миний бие 1989 оны 11 дүгээр сараас 1991 оны 9 сар хүртэл хоёр жилийн хугацаанд Ховд аймгийн Ардын Депутатыг Хурлын Гүйцэтгэх Захиргааны Боловсролын хэлтсийн Сурган заах аргын кабинетэд түүх, нийгмийн ухаан сургалт, сургуулиудын номын сан хариуцсан арга зүйчээр ажиллаж байлаа.

Тэр хугацаанд надад тохиолдсон хамгийн сонирхууштай хэрэг явдал бол алмас харсан явдал байлаа. 1990 оны 9 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотоос Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтээс манай аймагт шалгалтын баг ирлээ. Би нөхдийн хамтаар тэр багийн бүрэлдэхүүнд оролцож Дөргөн, Мянгад, Эрдэнбүрэн, Буянт зэрэг сумдад ажилласан билээ. Тэр үеэр Эрдэнэбүрэн сумын дунд сургуулийн 50 жилийн ой болов. Сургуулийн захирлаар Дорлиг багш ажиллаж байлаа. 9 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд манай баг Эрдэнэбүрэн суманд ажиллаж сургуулийн 50 жилийн ойд оролцож 26-ны өдөр сургуулийн зүгээс зохион байгуулсан зугаалга аялалд оролцохоор Шижигтийн хавцлыг зорих боллоо. Аймгийн төвөөс бидний сууж явсан УАЗ-469 машины хүн ихэдсэн тул би Эрдэнэбүрэн сумын сургуулиас гаргасан ГАЗ-53 машинд суугаад урьдчилан хөдөллөө. Надтай хамт жолооч С.Өлзий /одоо таксины жолооч/, сургуулийн нярав Л.Батнасан, нэг багш хамт явлаа. Бэлтгэлийн хувцастай залуухан багш байсан санагдана. Биеийн тамирын багш гэж хэлж байсан болов уу даа. Яг санахгүй байгаа юм.

Бид дөрвүүлээ кабинд шахалдасхийн явсан юм. Манай машин хүнсний бараа ачиж явлаа. Тэгээд урдаар хөдөлсөн хэрэг юм. Явсаар зам хавцлын ам чиглэн өгсөх үеэр нэг жижигхэн гуу гатлаад жаахан довцог дээр ухасхийн гараад иртэл “одоо бодоход 700-800 метр орчим газарт” нэгэн өндөр хар хувцастай хүн нуруугаа үүрсэн байдалтай баруун талын уулын бэлээс орж ирж байгаа мэт зогсож байлаа. Яг улаан замын урд холхон байсан тул бүгдээрээ л зэрэг шахуу харсан хэрэг. Бидний машин тэр жижиг довцог ирмэг дээр гарч ирэнгүүт бидэнд харагдсан тэр хүн гол чиглэн зүүн талруугаа хэдхэн харайгаад алга боллоо. Тэгтэл Өлзий гуай тэр харагдсан амьтан хүн биш шиг байна даа, алмас байж магадгүй гэж анхлан хэллээ. Тэр үед бид үнэхээр тийм байж болох юм гэсэн бодол төрж яриа өрнөлөө. Хамгийн гол итгэл үнэмшил төрөх зүйл бол тэр амьтан нилээд өндөр, өхийсэн байдалтай зогсож байснаа маш хурднаар гүйсэн явдал байлаа. Гүйхэд гар нь савлах мэтийн хүний биенээс гарах хөдөлгөөн ер харагдаагүй юм. Жолооч Өлзий гуай өөрөө сайн анчин хүн. Нутгийнхан нь анчин Өлзий гэдэг. Би 1974 онд Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн тул жолооч Өлзий, нярав Батнасан ах нарыг сайн танина. Тэгээд бид ярилцаад машинаараа шууд явсаар нөгөө өндөр хүний гүйсэн газарт ирж зогсоод мөр хайж эхэллээ. Анчин Өлзий ах алмас мөн гэдэгт итгэлтэй байж халуун мөрийг нь олохыг ихэд чармайж байсан юм. Үүнээс өмнө Цамбагарав ууланд янгир агнахаар явахдаа бас нэг тиймэрхүү амьтан харсан, одоо хоёр дахь удаагаа харж байна гэж надад хэлж байлаа.

Тэр хооронд араас Дорлиг захирал тэргүүтэй хот, хөдөөгийн хүмүүс бөөнөөр ирцгээлээ. Тэдний дунд тухайн үедээ Ховд аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Буяндэлгэр хамт явлаа. Тэр дарга төрсөн сумандаа амарч байсан тул бидэнтэй хамт Шижигтийн аманд нэг өдрийг өнгөрөөхөөр иржээ. Бодвол Дорлиг захирал урьсан байх. Бид  хамтран эрсээр мөрийг оллоо. Яг нэг шугаманд нэлээд олон мөр олцгоов. Хүмүүс бүгдээр хүний мөр биш гэж баталж дор бүрдээ шуугилдаж байв. Ердийн хүнээс 2-3 дахин хол харайсан нь илт мэдрэгдэнэ. Зарим газар мөр нь их тод гарчээ. Багцаагаар 33-36 см урттай, 10-11 см өргөнтэй хөл нүцгэн хүний мөр гэмээр байлаа. Голын эргийн ойролцоох хоёр гурван мөр их тод юм. Хавтгай чулууны зааг, захаар ургаж гараад чулуун дээр налсан сөл нь хатаагүй ногоон дээр гишгээд өнгөрөхөд шим гарч хаданд нялцаан наалдсан нь мэдэгдэнэ. Нэлээд хүнд эсвэл хүчтэй хөлөөр тийм ногооны шүүс гаргаж чадах юм. Хүмүүс бүгдээрээ алмас байгаа гэдэгт итгэлээ. Мөрийг хөөж үзэхэд шууд голын эрэгт хүрээд алга болжээ. Гол гаталсан эсвэл гол өгсөөд явсан байх гэж таамаглав. Газрын байдлын хувьд голд нэг хүрэхээр цааш хаашаа явж байгаа мэдэгдэхгүй далд хонхортой байлаа. Олон жилийн өмнө алмас эрж явсан Равжир гэдэг хүн Эрдэнэбүрэнд ирээд алмас эрж байсан тухай нутгийнхан ярилцаж байв. Дээр нь Өлзий анчны яриа нөлөөлсөн байх. Намын хорооны дарга Д.Буяндэлгэр гуай Ховд аймгаас сурвалжлагч нарыг дуудсан гэж яриад бид бүгдээрээ хэд хэдэн мөрийг чулуугаар хашиж хамгаалалтад авлаа. Үдээс хойш оройхон Ховд аймгийн Хөдөлмөр сонины сурвалжлагч Д.Цэрэндулам гуай ирлээ. Хэд хэдэн мөрний зураг авч, бидэнтэй ярилцав. Тэгээд удалгүй  аймгийн Хөдөлмөр сонинд алмас байж мэдэх тухай, түүнийг хүмүүс харсан тухай, авсан мөрний зурагтай нийтлэл гарч байлаа. Монголын радиогоор ч ярьсан шиг санагдана. Хол ойрын хүмүүс сонирхож алмасын тухай биднээс асууж байлаа. Гэтэл тэр жилийн өвөл зохиолч Дожоодорж гэдэг хүн хаанаас ч юм олдсон, алтан ч билүү мөнгөн ч билүү аяганы тухай яриа гаргаж, Өнөрмаа гэдэг хүүхэн биенээсээ гал гаргадаг гэж физикч, химич эрдэмтэд баталж, дараа нь бүгдээрээ худал болж бөөн шуугиан тарав. Түүнтэй зэрэгцэн бидний магадгүй алмас байж болох тэр амьтныг харсан сонин хэрэг явдал мартагдав. Гэвч би одоо хүртэл алмас харсан гэдэгтээ итгэлтэй явдаг. Надтай хамт явсан Өлзий анчин бид хоёр хааяа уулзахаараа тэр амьтан алмас байсан тухай ярьсаар л байдаг. Энэ явдал өнгөрснөөс хойш олон жилийн дараа би Цамбагарав өгсөн Намаржингаар Баян-Өлгийн Алтанцөгц орохоор явах замдаа тэртээ алсын ууланд бас нэг их хурдан “хүн” харав. Хамт явсан хүмүүс тарвагчин байх гэлцэнэ. Тарваганд яваа хүн нүд ирмэхийн зуур тэр өндөр хөтөл давж чадахуу гэж би тэднээс асууж Шижигтэд харсан зүйлээ ярьж явлаа. Магадгүй би Сурган заах аргын кабинетэд арга зүйчээр охорхон хугацаанд ажиллахдаа хүн төрөлхтний анхаарлыг татсаар ирсэн, хүмүүс харж үзэхийг мөрөөдсөөр буй тэр алмас гэгч амьтныг харсан гэж боддог.

Тун удалгүй Монгол оронд ардчилсан хувьсгал гарч зарим цөөн багш нар маань хаваржин, зунжин их заргач Ард Аюушийн хөшөө тойрон эргэлдэж, биднийг “тойрон хүрээлэгчид” хэмээн ажлаа өгч огцрох бичиг өргөж шаардсаар байсан тул өөр сургуульд очиж ажиллацгаасан билээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ