Малчдын малын махыг худалдан авч өвс тэжээлээр хангана

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-12-02 01:47:50

Завханы Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй  суманд өвөлжилт хүндэрч болзошгүй, цас их хэмжээгээр орсон байдалтай байна.

Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллажээ. Дээрх сумдын нутагт энэ жил өмнөх жилүүдээс эрт цас орж, цасны зузаан тал газартаа 15-20 см, уулархаг хэсгээрээ 20-40 см байна. Тиймээс өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх хэмжээнд хүрээд буй юм.

Зарим суманд цас орж шуурснаар зам хаагдаад байна. Тухайлбал: Тэс сумын Нисэг,  Баян-Уул баг, Баянхайрхан сумын Төөнөт, Минж  багт нэлээд их хэмжээний цас орсон бол Баянтэс сумын Зайгал, Хачиг багуудын малчдад машин техникээр төрийн үйлчилгээг хүргэх боломжгүй болжээ. Энэ нутгуудад ердийн хөсгөөр харилцаа холбоо тогтоож байна.  Мөн Тосонцэнгэл, Их уул суманд ч нөхцөл байдал нэлээд хүндэрч буй юм. Тиймээс дээрх сумын замыг гаргах, малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас өвс тэжээлээ нэмж нөөцлөхөд нь малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнээ худалдан борлуулах нөхцөлийг  нь бүрдүүлж өгөх, эвдрэл гэмтэл, бензин шатахууны зарцуулалт ихтэй төрийн байгууллагуудын машиныг засч сайжруулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, цаашид цаг агаар хүндэрвэл бог малын хөл халцрах, омруутах өвчин гарч магадгүй байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, зам гарц хаагдахаас өмнө мал дээрээ байгаа хүнд өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнуудыг суурин газар руу шилжүүлэх, төвд байгаа багийн дарга, эмч нарыг малчдынхаа дунд очиж ажиллах зэрэг асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга аймгийн Онцгой комиссын гишүүдэд үүрэгдлээ.

Мөн цаашид нөхцөл байдал илүү хүндэрсэн тохиолдолд авах арга хэмжээний тухай бэлтгэл ажлын төлөвлөгөөг гаргах, цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12, 1 дүгээр  сард Завхан аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтрэх төлөвтэй учраас аймгийн Онцгой комисс дахин хуралдаж  төв суурин газар болон хөдөө орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргахыг сануулав. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ