Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ НҮБ эрс чангатгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-12-01 09:39:08

НҮБ./Kyodo/. Энэ оны есдүгээр сард тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ баталлаа.

Цөмийн туршилт хийсэн тус улсын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлаарх хэлэлцээг АНУ болон БНХАУ тэргүүтэй АЗ-ийн гишүүн улс орнууд хийж эхэлсэн юм. АЗ лхагва гарагт тогтоолыг санал нэгтэйгээр баталсан байна. 

Уг тогтоолд “НҮБ-ын гишүүн улсууд Умард Солонгосоос жилд 7.5 сая тонн буюу 400 сая долларын мөнгөн дүнгээс давсан хэмжээний нүүрс импортлохыг хориглоно” гэж заажээ. Энэ нь одоо тус улсаас импортолж байгаа нүүрсний тал хүрэхгүй хувь гэсэн үг. БНХАУ бол Умард Солонгосын нүүрсийг худалдан авдаг гол улс юм. Мөн мөнгө, зэс, никель зэрэг ашигт малтмалыг Умард Солонгосоос импортлохыг хориглосон байна.

АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Саманта Пауэр хэлэхдээ “НҮБ-ын АЗ өөр ямар ч улсын эсрэг ийм хатуу хориг арга хэмжээ авч байгаагүй” гэв.

Японоос НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Коро Бэсшо нэмэлт хориг арга хэмжээ авах нь чухал гэдгийг онцлон дурдаад, энэ тогтоолыг дагаж мөрдөхийг НҮБ-ын гишүүн улсуудад уриаллаа.

НҮБ-ын дипломат эх сурвалжуудын ярьснаар, энэ тогтоолыг улс орнууд тууштай дагаж мөрдсөн тохиолдолд Умард Солонгосын олдог хатуу валютын хэмжээ жилд 800 сая доллароор буюу бараг 25 хувиар буурна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ