Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн чанартай засвар хийсэн байна. Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжив.
Мөн хууль хоорондын уялдаа холбоог хангах үүднээс таван хуулийн төслийг шинээр санаачлан боловсруулсныг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсэг анхны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэмж тусган, найруулгын чанартай зарим засвар оруулжээ. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарим саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн уг хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх боллоо.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ