Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-29 15:42:49

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо Нутгийн захиргааны ордны Ногоон хөгжлийн танхимд Архангайн ИТХ-ын төлөөлөгчдийг чадваржуулах сургалтыг УИХ-ын хууль зүйн байнгын хороо, Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Шейцарын хөгжлийн агентлагтай хамтран аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албанаас хоёр өдөр зохион байгууллаа.

Тус сургалт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” /2016-2020 он/ төслийн хүрээнд нутгийн удирдлага, хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, төлөөлөгчдөд иргэдийн оролцоог хангах, авлигалаас урьдчилан сэргийлэх, ИТХ-ын дэг, НӨУБ-ын хууль эрх зүй, хүний эрхийн талаар төлөөлөгчдийн мэдлэг чадавхийг дээшлүүлэхэд чиглэгдэв.

Сургалтын үеэр, Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, баг хорооны иргэдийн нийтийн хурал бол хэвтээ удирдлагатай бөгөөд сонгуулийн үр дүнд бий болж, шат шатандаа өөрөө өөрийгөө мэдэх байгууллага юм. Хурлаас хамтын шийдвэрээр тогтоол гарна. Аль ч хурлын чөлөөт цагт тэргүүлэгчид өдөр тутмын үйл ажиллагааг бодлогоор удирдан зохион байгуулна. Дээд шатны хурал доод шатны хуралдаа аргазүйн зөвлөгөө өгөхөөс биш, шийдвэр гаргахад оролцох эрхгүй. ..гэхчлэн амьдралд хэрэгтэй зүйлийг сургагч багш Ж.Эрдэнчимэг, А.Гэлэгжамц, М.Сайнбилэг, М.Батдорж нар заалаа.

Хуралдааны дэгт ямагт “гарц” байх учиртай. Дэгээ сайн боловсруулахгүй бол дэгэндээ дэгээлүүлэх тохиолдол гардгийг Батлан хамгаалах их сургуулийн зөвлөх профессор А.Гэлэгжамц сануулсан бол аливаа хурлын ажлын хэсгийг  шахаж сайн ажиллуулах хэрэгтэй. Ёсчлолыг цаг тухайд нь гарын үсэг зурж, тамга тэмдэг даран баталгаажуулалтыг заавал хийхгүй бол дараа нь хэл ам хэрүүл маргаан дагуулах талтай байдгийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Батдорж онцолж анхаарууллаа.

Гаргасан тогтоолыг ажлын албаныхан холбогдох албан байгууллага, тушаалтанд шуурхай баталгаатай хүргүүлдэггүйг шүүмжлэн ярьж байлаа.

Энэчлэн, орон нутгийн төсөв, санхүүгийн  удирдлага, байгаль хамгаалал, газрын харилцаа, НӨУБ-ын эрх зүйн үндэс, ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцооны талаар онолын мэдлэгээ зузаатгаж, дадлагын ажил хийж, харилцан туршлага солилцсон энэхүү сургалт ач холбогдолтой боллоо.

Архангай аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчийн 26 нь анх удаагаа сонгогдсон 29-58 насны иргэд бөгөөд тэдгээрээс зургаа нь эмэгтэй юм.

Л.Булган

Холбоотой мэдээ