Намынхан нь Пак Гын Хэгээс огцрохыг шаардав

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-11-29 10:39:37

СӨҮЛ. /Yonhap/. Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугианд өртөөд буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д тус улсын эрх баригч намын нөлөө бүхий хууль тогтоогчид огцрох шаардлага тавьжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсын эрх баригч “Сэнүри” намын доторх Пакийн талыг баримтлагч фракцын найман гишүүн даваа гарагт уулзаж ярилцсан байна.

“Нэр хүндээ алдалгүйгээр огцрохыг бид Пак Гын Хэгээс хүсэхээр тохиролцсон” гэж тэд Хөх ордонд мэдэгджээ.

Пакаас зайгаа барих болсон “Сэнүри” намын 30 гаруй гишүүд ч мөн адил түүнийг огцруулах асуудлаар санал хураалт явуулах төлөвтэй байна.

Мөн баасан гарагт болох парламентын хуралдааны үеэр Пакийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлаар санал хураах тухай төлөвлөгөөний төслийг мягмар гарагт буюу өнөөдөр боловсруулахаар тус улсын сөрөг хүчний гурван намаас сонгогдсон хууль тогтоогчид тохиролцжээ.

Хууль тогтоогчдын гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд уг төлөвлөгөө батлагдана. Өөрөөр хэлбэл, эрх баригч намаас сонгогдсон 28 ба түүнээс олон гишүүд дэмжсэн тохиолдолд уг төлөвлөгөө батлагдана гэсэн үг.

Сөрөг хүчнийхэн, ард иргэд болон нэг намынхан нь огцрохыг шаардсаар байгаа учир Пак Гын Хэ удахгүй албан тушаалаа өгч магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ