Дулаан техникийн шинэчлэл цэцэрлэгийн төсөв хэмнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-29 10:02:15

Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа Эрчим хүчний үр ашиг төсөл эрчим хүчний хэмнэлт бий болгож, эрүүл мэнд, агаарын бохирдол болон төсвийн зардалд эерэг үр нөлөө үзүүлж ирлээ.

Уг төсөл 2014-2016 оны хооронд хэрэгжиж Ховд,  Завхан аймгаас цаг уурын болон нийгмийн нөхцөл байдлын хувьд ижил төстэй хоёр цэцэрлэг сонгон авч, хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн дунд  асуулга явуулж харьцуулсан судалгаа хийсэн байна.

Цэцэрлэгийн тасалгаанд гаднаас орж байгаа хүйтэн агаар нь хүмүүжиж буй хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох боломжтой юу?

Цэцэрлэгийн хүүхдийн өвчлөл буурснаар өрх бүлд мэдрэгдэх эдийн засгийн шууд нөлөөллийг тодорхойлох боломжтой юу?

Цэцэрлэгийн барилгын халаалтыг нэмэгдүүлэхэд зарцуулж буй улсын төсөв болон өрхийн зардлын хэмжээг тогтоох боломжтой юу?

Эдгээр гурван асуултын хариулт бол “тиймээ, боломжтой” гэсэн хариулт гарчээ.

2016 оны эхээр хийсэн судалгааны дагуу улсын төсөвт төдийгүй эцэг, эхчүүдийн хувьд мөнгө санхүүгийн бодит хэмнэлт гарч улмаар хүүхдүүд болон багш, ажилчдын өвчлөлийн тоо эрс буурсан болохыг судалгааны дүн  тогтоосон байна.

Дулаан техникийн шинэчлэлд хамрагдсан цэцэрлэгийн хувьд халаалтын эрчим хүчний хэмнэлтийг 50 хувь хүргэх тооцооллыг эрчим хүчний /түлээ, нүүрс/ хэрэгцээгээр тогтоосон байна.

Засвар хийгдсэн цэцэрлэгийн барилгын тасалгааны доторх температур нь гадна агаарын температураас үл хамааран ойролцоогоор 22 градус тогтмол дулаан авч байгаа бол барилгын засвар огт хийгдээгүй цэцэрлэгийн тасалгааны дотор температур нь гадна агаарын температураас шууд хамааран 10-18 градус хооронд хэлбэлзэн хүйтэн байгаа нь хүүхдүүдийг өвлийн хувцастай өвөлжихөд хүргэж байна.

Эрчим хүчний үр ашиг төсөл 2015 онд батлагдсан “Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хуулийн хэрэгжилтэнд техникийн дэмждэг туслалцаа үзүүлж, эрчим хүчний үнэ тарифыг хэрхэн нэвтрүүлэх талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ