Алеппо хотын зүүн хэсгээс 3000 орчим иргэн гарч явжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-28 12:35:54

ДАМАСК. /Xinhua/. Сирийн хойд нутгийн Алеппо хотын босогчдын хяналтад байгаа  зүүн дүүргүүдээс сүүлийн 24 цагийн хугацаанд 3000 орчим энгийн иргэн дүрвэсэн байна.

Босогчдын хяналтад байгаа Алеппо хотын зүүн хэсгийн оршин суугчид Сирийн Засгийн газрын хяналтад байгаа баруун хэсэг рүү дүрвэсэн байна гэж Их Британид төвтэй Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглах байгууллага мэдээллээ.

Сирийн арми өнгөрсөн 24 цагийн хугацаанд Алеппо хотын Масакен Ханано, Жабал Бадро, Сахоур зэрэг гурван дүүргийг босогчдоос чөлөөлсөн байна.

Сирийн “SANA” агентлаг мэдээлснийг үзвэл, 1500 орчим энгийн иргэд Сирийн армийн гаргасан замаар Алеппо хотын зүүн дүүргээс гарч явсан байна. Энэ маршрутаар энгийн иргэдийг гаргах боломж олгохыг босогчдод уриалжээ.

Сирийн цэргүүд Масакен Ханано дүүргийг чөлөөлснийхөө дараа буюу ням гарагт Жабал Бадро, Сахоур дүүргүүдийг хяналтдаа оруулсан байна.

Үүнээс гадна Курдын дайчид Алеппо хотын зүүн нутгийн Бустан аль-Баша дүүргийг босогчдоос чөлөөлсөн тухай  “pan-Arab al-Mayadeen” телевиз мэдээллээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ