Цуур алтайн салхи, шувууны жиргээг уянгалуулан хөгжимддөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-25 12:52:03

Монгол ардын язгуур урлагийн салшгүй нэг хэсэг нь баруун монголын олон угсаатны  давтагдашгүй их соёлын өвийг өнөөг хүртэл тээж ирсэн хөгжмийн зэмсгүүд икэл, товшуур, цуур, аман хуур зэрэг юм.

Хамгийн өвөрмөц нь баруун монголын ойрад түмэн хөгжмийн зэмсгээ байгалийн баялаг, мал амьтны арьс, зарим дотор эрхтэн ашиглан хийдэг байснаараа нь өвөрмөц онцлогтой.

Тухайлбал цуур хөгжмийг цагаан харгай, балчирган зэрэг модоор хийдэг байжээ. Гадна талаар нь хонины улаан хоолой /хоол/, эсвэл нарийн гэдсээр бүрнэ. Цуурын урт нь 3 үзүүр сөөм, 4 хуруу хэмжээтэй байдаг аж. Цуурын дээд тал нь нарийн, доод хэсэг нь бүдүүн байна.

Алтайн урианхай нарын дунд цуур хөгжим хэрхэн үүсэн тухай олон домог бий. Үүний нэг “Эрт урьд цагт Цуур нэртэй хулгайч хэсэг адуу хулгайлж хөөгөөд Ээвийн голын хүрхрээний дэргэд боогдож гэнэ. Гэтэл араас нь хэсэг хүмүүс нэхэж ирсэн тул арга буюу нэг бүдүүн цагаан гүү унаад ус гаталжээ. Нэхэж ирсэн хүмүүс ус гаталж чадалгүй буцжээ. Гэтэл голын цаана гараад нөгөө гүү унагалжээ. Унагалснаас хойш хоёр хоног тэндээ байж гэнэ. Энэ хугацаанд тэрбээр цооргонот ургамал тасалж, хөндийлж, гурав нүхлээд Ээвийн голын урсгалыг дууриaлган үлээж гэнэ. Үүнээс цуур хөгжим үүссэн аж”.

Ойрад монголчууд цуур үлээхийг “цуур татах” гэлцдэг. Цуур хөгжмөөр олон янзын аялгуу тоглодог. ”Алтайн магтаал”,”ээвийн голын урсгал”, ”Арын алтан ус”, ”Өрөөлтэй шарга”, ”Жалам хар морь” зэрэг ардын дундаас үүсэн олон аялгууг тоглосоор иржээ.

Цуур хөгжмийг тоглохдоо нэг үзүүрийг шүдээр тулан үлээж исгэрэх авиа гаргахын сацуу хоолойн шахалтаар хөөмийлэх мэт дэвсгэрлэсэн нь өнгө давхар эгшиглүүлдэг өвөрмөц содон.

Цуурын уламжлалт урын сан нь зориулалтын хувьд үзэгч, сонсогч гэхээсээ илүү цуурч өөрөө өөртөө, хүн байгальд хандсан өнгө аястай байдаг.

Алтайн эзнийг аргадаж, ангийн хишиг гуйх, байгалийн дуу чимээ, мал амьтны зан аалийг дүрслэн хөгжимдөх нь цуурын урын сангийн үндсэн шинж юм гэж угсаатны зүй судлаач Монгол улсын гавьяат багш асан Б.Баасанхүү Ховд аймгийн байгалийн нөхцөл, нөөц, түүх, соёл номондоо бичсэн бий.

Алтайн урианхайчууд цуур хөгжмийг түгээмэл хэрэглэж байсан түүхтэй. Цуур хөгжмийн загалмайлсан эцэг гэж хэлж болох урианхайн алдарт туульч П.Наранцогт түүнийг нутгийнхан Жухай гэж нэрлэдэг байв. Тэрээр Ховд аймгийн Дуут суманд амьдарч байсан юм. Эдүгээ ч түүний үр ач нар цуурын аялгууг таслалгүй үргэлжлүүлсээр байна.

Алтайн урианхай нарын дунд тоглогдож буй цуурын аялгуу уулын оройн салхи, шуурганы исгэрээ, өвс ургамлын шуугих чимээ, ус голын дуу чимээ, морь тэмээний явдлыг дүрсэлсэн дууриалгасан аялгууг илэрхийлж тоглодог.

Алтайн урианхай нар жил бүрийн шинийн нэгнээс гуравныг дуустал гурав хоног цуур үлээж, ирэх жилийн гай гарзыг хөөдөг заншилтай байжээ.

Цуур хөгжмийн уламжлалт урлаг нь Монгол Улсын соёлын биет бус өвийн ховор хосгүй өвийн зэрэглэлд багтдаг бөгөөд 2009 онд ЮНЕСКО-гоос Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өвийн дэлхийн жагсаалтад бүртгэжээ.

А.Бямбасүрэн

 

 

 

 

Холбоотой мэдээ