ГХЯ хоорондын Консулын VIII зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-24 16:29:56

Монгол Улс, БНКазУ-ын ГХЯ хоорондын Консулын VIII зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 23-ны өдөр болов.

Хоёр жил тутам зохион байгуулагддаг тус уулзалтаар консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр талын байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлуудыг уламжлал ёсоор хэлэлцдэг юм.

Энэ удаагийн консулын зөвлөлдөх уулзалтанд монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, казахстаны талын төлөөлөгчдийг БНКазУ-ын ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Кожамбердиев К. К. нар тус тус тэргүүлж оролцов. Хоёр тал өмнөх уулзалтын мөрөөр хэрэгжсэн ажлын үр дүн, Монгол, Казахтсаны консулын харилцааны өнөөгийн байдал, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр улсын хууль зүй дотоод хэргийн яам, гадаадын иргэн, шилжилт хөдөлгөөн хариуцсан байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хоёр талын хооронд байгуулагдах гэрээ, хэлэлцээрийн явцын тухай санал солилцож, уулзалтын дүнгээр протокол байгуулав.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн БНКазУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Консулын зөвлөлдөх уулзалт харилцан ойлголцсон, найрсаг уур амьсгалд өрнөж, консулын харилцааг бэхжүүлэх, хоёр талын харилцааны эрх зүйн зарим асуудлыг урагшлуулахад чиглэгдсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Холбоотой мэдээ