Пиночетийн эхнэрийг улсын хөрөнгө завшсан хэрэгт татжээ

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-11-24 15:24:56

БУЭНОС-АЙРЕС./TASS/. Чилийн шүүгч Гильермо де ла Барра дарангуйлагч асан Аугусто Пиночетийн бэлэвсэн эхнэр Лусия Ириартыг улсын хөрөнгийг завшсан хэрэгт сэжигтнээр татан байцаах шийдвэр гаргажээ.

Харин эрүүл мэндийн шалтгаанаар 93 настай Ириартыг ирэх сарын 14-нд гэрт нь байцаах аж

Пиночетийн эхнэр нь СЕМА гэдэг санд төрөөс шилжүүлэн өгсөн хөрөнгийг хууль бусаар зарж борлуулсан хэрэгт холбогдсон байна. Тэрбээр тус санг 1973-2016 оны хугацаанд удирдаж байжээ. Эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор байгуулагдсан энэ санд төрөөс 236 байшин барилга шилжүүлэн өгсөн аж. Эдгээр үл хөдлөх хөрөнгийн ихэнх хэсгийг Пиночетийн дарангуйллын сүүлчийн жилүүдэд шилжүүлэн өгчээ. Харин СЕМА сангийнхан эдгээр үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулснаар 8,9 тэрбум долларын орлого олсон байна.
Түүнээс гадна, тус сангаас 50 мянга гаруй доллар авч, 1998 онд Лондонд Пиночетийг баривчлах ажиллагааны үеэр гарсан зардлыг нөхөхөд зарцуулсан гэж Ириартыг буруутгаж байгаа аж.

Дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах явцад СЕМА сангийн мэдэлд байсан 41 объектыг лацадсан байна.

Чилийн дарангуйлагч асан Пиночет 2006 оны 12 дугаар сард 91 настайдаа гэрийн хорионд байх үедээ нас баржээ. Түүнийг хүний эрхийг зөрчсөн, татвартай холбоотой гэмт хэрэгт үйлдсэн хэрэгт буруутгаж байв.

Албан ёсны мэдээллээр, 1973-1990 оны хугацаанд Чили улсад тогтож байсан цэргийн дарангуйллын дэглэмийн үед 3225 хүн улс төрийн шалтгаанаар амиа алдсан эсвэл сураггүй алга болсон байна. 37 мянган хүнд эрүү шүүлт тулгажээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ