ЦДБЭЧ өвөл цагийн нээлтийн тоглолтоо үзэгчдэд хүргэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-23 18:27:35

ЦДБЭЧ-ын уран бүтээлчид 84 дэх жилийнхээ өвөл цагийн нээлтийн тоглолтыг энэ сарын 11-26-нд үзэгч түмэндээ толилуулж байна.

Нээлтийн тоглолтоо МЗХ-ны "Цэргийн алдар" алтан медальт үндэсний найрал хөгжмийн албаны хамт олны "Ирж яваа цаг" уран бүтээлийн тоглолтоор "Монгол бахархал-Монгол омогшил" сэдвийн хүрээнд эхэлсэн юм.  Тоглолтод  үндэсний найрал хөгжимчид зөвхөн хөгжим тоглоод зогсохгүй дуулж, хөөмийлж, аман хуур, нуман хуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгээр тоглож сонирхуулсан юм. Мөн үе үеийн хөгжимчдийг төлөөлөн МУГЖ Д.Галсантогтох лимбэний аялгуугаа өргөн барив.

Түүнчлэн "Эх орны дуулал" тоглолтод цэрэг, эх орны сэдэвт болон сонгодог уран бүтээлүүдийг гоцлол, хоёрол, гурвал, чуулга хэлбэрээр МУГЖ Г.Батбаяр, Ч.Баярмаа, МУСТА Б.Батбаатар, Д.Бат-Орших, З.Ариубаясгалан нар үзэгч олон түмэндээ сонордууллаа.

Цэргийн бүжиг, орчин үеийн бүжгийн шинэ уран бүтээлийн "Бүжихүйн цэнгэл", хөгжмийн зохиолч А.Болорхүүгийн "Өнгөрсөн-Одоо-Ирээдүй" зохиолоор нэрлэсэн тус чуулгын эстрад симфони найрал хөгжмийн албаны хамт олны тоглолт үзэгчдийн сонорыг мялааж байна.

Уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдээс түүвэрлэн найруулсан нэгдсэн гала тоглолтоор өвөл цагийн нээлтийн тоглолт энэ сарын 26-нд өндөрлөх юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ