“Лалын улс”-ын талд байлдаж байсан Францын 130 гаруй иргэнийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-13 12:41:09

ПАРИС. /TASS/. Франц улсад аюул учруулж, нутаг дэвсгэрт нь шууд халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа учир тус улс “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байна. Францын эрх баригчид ийм байр суурьтай байгааг тус улсын Ерөнхий сайд Манюэль Вальс Ойрхи Дорнодод ажлын айлчлал хийх үеэрээ мэдэгджээ.

“Францын нутаг дэвсгэрт халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа учир бид “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байна” гэж Вальс “BFM TV” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт болон есдүгээр сарын сүүлээр “Лалын улс”-ын Сири дэх баазад Францын Агаарын цэргийн хүчин тохиолдлоор агаарын цохилт өгөөгүй юм. Уг баазад Франц гаралтай хүмүүсийг бэлтгэж байжээ. Шинжээчдийн онцлон тэмдэглэж буйгаар, хэрэв тэд Европт эргэн ирвэл аюулгүй байдалд ноцтой аюул учруулж, тусгай албаныхны хувьд жинхэнэ толгойны өвчин болно.

Хамгийн сүүлд өгсөн агаарын цохилтын үеэр Францын наад зах нь зургаан иргэнийг устгасан тухай Вальс мэдээлжээ. “Ойрхи Дорнодод байлдааны ажиллагаа явуулсан хугацаанд Францын 136 иргэн амиа алдсан” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Энд Сири болон Иракийн армийн цэргүүдийн устгасан босогчид, мөн “Лалын улс”-ынхны томоохон суурингуудад болон цэргийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг дэлбэлэхэд ашигласан амиа золиослогчдын тухай ярьж байгаа аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ