Соён гэгээрүүлэх ажлыг түлхүү явуулах шаардлагатай гэж иргэд үзэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймагт авлигын асуудлаар олон нийтийн дунд асуулга энэ сарын эхээр явуулж, хөндлөнгийн байгууллагуудаас мониторинг хийсний зэрэгцээ Цэцэрлэг хотноо нутгийн захиргааны ордонд аймгийн ЗДТГ, орон нутгийн өмчийн газар, ЛЭОС-гийн төвийн удирдлагаас Архангай дахь салбараар дамжуулан “Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн хяналт”-сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд, ЛЭОС-гаас 12 аймагт хэрэгжүүлж байгаа “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглалыг идэвхжүүлэх нь”- гэсэн төслийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Мөнгөнзаяа “Авлигын тухай ойлголт, түүний мөн чанар, нийгмийн хор аюул”-сэдвээр мэдээлэл өглөө. Авлига гээд орчуулсан Corruptio хэмээх үгийг жирийн хүн сайн ойлгохгүй байгаа нь нууц биш юм. Сүү шиг цагаан сэтгэлтэй Монголчуудын хувьд уламжлагдаж ирсэн зочломтгой зан заншил, хэндээ ч өгч авдаг бэлэг сэлт нь авлига болчих гээд айдас бас хардлагыг төрүүлэх болжээ. Ийм учраас авлигын талаар иргэдийн дунд албаны бус ердийн яриа хэллэгээр соён гэгээрүүлэх ажил өрнүүлэх шаардлагатай гэж олон хүн үзэж байна.
Архангай аймгийн орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны дарга Ш.Цэцэгмаа өөрийн байгууллагын үйл ажиллагаа өнөөгийн нөхцөл бодит байдлын талаар товч танилцуулж, иргэдийн сонирхсон асуултанд тодорхой хариулт өглөө. Эндээс, Тариатын таван тэрбум төгрөгийн тендерийн асуудал нийтийн анхаарлыг их татав. Хөдөө суманд таван тэрбум төгрөгийг худалдан авах ажиллагаагаар сонгон шалгаруулалтанд авчхаад, хэдэн жил өнгөрчихөөд байхад хийсэн ажил ч үгүй, хэл сураг ч үгүй алга болчихсон байна. Ийм ч учраас энэ жил ард олон далд булхайнуудыг тас цохиж өгөөч гэж гурван шатны сонгуулиар МАН-ын залуучуудад илтгэл үзүүлж, үүрэг хариуцага оногдуулсан хэмээн иргэд хэлж байлаа.
Хэлэлцүүлгийн явцад янз бүрийн жишээ, олон санаа гаргаж байлаа. Тухайлбал: Олон улсын байгууллагуудаас хийсэн сүүлчийн судалгаагаар, төрийн үйлчилгээг иргэдэд шууд хүргэж буй албан тушаалтан авлига авдаг гэж асуулгад хамрагдагсдын 51,4 хувь үзэж байна. Авлигын тархалтаар улс төрийн нам тэргүүлж байгаа бөгөөд сүүлийн үед барилгын салбарт авлигал ихээхэн нэмэгдсэн гэнэ.
Дээрх судалгааны дүнгээс гадна хэлэлцүүлэг дээр хоёр асуудал анхаарал татлаа. Сум орон нутгийн удирдлага, өөрөөр хэлбэл, сумын ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, тэр ч байтугай сургуулийн захирал, эрхлэгч нар олон улсын байгууллагын төслийн ажилтнуудын судалгаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон үйлдэл, заналхийлж сүрдүүлсэн тохиолдол цөөнгүй гарсан байх юм.
Нөгөөтэйгүүр, 2012 оноос ЕБС-ийн захирлыг аймгийн Засаг дарга томилж байгааг мэргэжлийн байгууллага, орон нутгийн иргэд, сургуулийн удирдах зөвлөл, багш эцэг эхчүүдийн холбоод маш их эсэргүүцэж, аймгийн Засаг даргад хэт давуу эрх олгосноос хүүхдийн ирээдүй, чадварлаг багш нар, сургууль хамт олон хохирч байгааг олон хүн шүүмжилж хэллээ.
Үүнтэй уялдаж, боловсролын үнэлгээний хороо гэж хэний ч санаа бодлыг сонсдоггүй, ямар ч шалгуур үзүүлэлт байхгүйгээр өөрсдийн үзэмжээр аймаг, сургуулийн удирдлагын ажлыг дүгнэж байна хэмээн хэлэх хүн ч байлаа. Дээрх асуудлуудын цаана авлигал, ашиг сонирхлын зөрчил нуугдаж байна хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид үзэж байна.
Л.Булган