Ойжуулалтад төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр ашиг харагдсангүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-22 16:25:23

2014-2016 онд Архангай аймгийн  хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжсэн ойжуулалтын ажлын гүйцэтгэл, тарьцын ургалтын байдлыг аймгийн Тэргүүлэх аудиторын баталсан удирдамжийн дагуу ажлын хоёр хэсэг гарч газар дээр нь үзэж жишиг талбайг хашиж талбай авч тоолж шалгахад ойжуулсан хамгаалаагүй, анхааруулах самбар, хаяг, тэмдэгжүүлэлт, хоёр ба гурав дахь жилийн нөхөн тарилт, арчилгаа тордолгоог хийгээгүй нийтлэг зөрчил илэрчээ.

Мөн зарим ойжуулсан талбайд тарьц огт ургаагүй, зарим газарт үр, тарьцын ургалт хангалтгүй, байгалийн өөрийн аясаар сэргэн ургаж буй газарт ойжуулалт хийсэн зэргээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байдал олны хэл амыг 2-3 жил дагууллаа.

Цэнхэр сумын янгиртай хясаа буюу Их гарамаас Хэвтээ толгой хүртэл 11 га-д ойн зурвас байгуулах ажлыг “Элэгтэй хайрхан” ХХК орон нутгийн төсвийн 22,0 сая төгрөгөөр гүйцэтгэсэн боловч 0,1 га хашаа барьж, мод суулгаснаас өөр зүйлгүй. Булган уулын зүүн суганд “Дуут” нөхөрлөл 10 га талбайд орон нутгийн төсвийн 6,9 сая төгрөгөөр тарьц суулгасан хэдий ч огт ургаагүй байна.

Энэчлэн, Тариат сумын улсын төсвийн 34,6-34,7 сая төгрөгөөр Шанаат мандал, Шанаатын булаг хэмээх газруудад “Олз мод” ХХК, “Ойд хангай” ХХК-ий хийсэн ойжуулалтын тарьц  мөн л юу ч ургаагүй. 2015 оны ойжуулалтыг сонирхоход Хайрхан сумын Адуун зураа, Хэцүүгийн овоо хэмээх газар байгалийн аясаар сэргэн ургаж буй 40 га талбайд 13,8 сая төгрөгөөр ойжуулалт  хийсэн дүр эсгэсэн байхад, Өлзийт, Батцэнгэл сумын Шандат, Овгор улаан гэх нутгийн 50 га-д 33,5 сая төгрөгөөр ойжуулсан тарьцын 60 хувь ургаагүй байна.

2016 оны  ойжуулалтын гүйцэтгэлийг эхний 6 сарын гүйцэтгэлээр авч үзэхэд, Өндөр-Улаан, Хотонт сумын   Гарчин, Модот толгойд  нийт  30 га-д 13,2 сая төгрөгөөр ойжуулсан тарьцын 50-90 хувь нь ургаагүй . Эрдэнэмандал сумын  Өлийн 50 га-д 9,95 сая төгрөгөөр байгалийн сэргэн ургалтанд туслах ажил хийсний үр дүнг  харахад , үрийн цухуйлт 40 хувьтай байна.  Дүгнэж үзэхэд,  3 жилд нийт ойжуулсан талбайн 65,2 хувь зарцуулсан  нийт зардлын 78,8 хувь буюу 190,3 сая төгрөгийн ойжуулалтын тарьцын ургалт шаардагдах хэмжээнд хүрээгүй байгаа байдал төсвийн хөрөнгийг үр ашиггүй цацжээ гэж үзэхэд аргагүй  хүргэж байна.

Л.Булган

 

Холбоотой мэдээ