Бүх ажиллагааг хуулийн хүрээнд явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмидаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Сүүлийн үед нилээд олон байгууллагын даргаар түр үүрэг гүйцэтгэгч нар ажиллаж байна. Ийм байдал хэр удаан үргэлжлэх бол?
-Удахгүй. Нийтийн мэдээллийн хэрэгслэлээр төрийн албаны шалтгалт авах тов зарлагдана. Тэгээд л журмын дагуу хамгийн өндөр оноо авсан төрийн албан хаагч тухайн байгууллагын даргаар жинхэлж ажиллана.
-Бүх сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Засаг дарга нараа сонгон аймгийн Засаг даргад нэрийг нь өргөн барьсан гэж сонсогдсон. Одоогоор аль аль сумын Засаг даргаар хэн хэн томилогдсон бэ?
-Цэцэрлэг, Хангай, Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Жаргалант , Ихтамир сумын Засаг даргаар А.Хадбаатар, Д.Өрнөхбаяр, Э.Болдбаатар, Д.Баянжаргал, Б.Гэрэлт-Од, Л.Батсайхан, Ц.Сэнгээ нарыг одоогоор аймгийн Засаг дарга Ц. Мөнхнасан захирамжаар томилсон байгаа.
Нэмж тайлбарлахад, албан бус мэдээгээр, Тариат, Өндөр-Улаан, Хайрхан, Өгийнуур, Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Цахир сумын Засаг даргаар одоо ажиллаж байгаа Г.Алтан-Очир, Я.Отгонбаатар, В.Мөнхбат, А.Алтангэрэл, Д.Батбаатар, Б.Батжаргал, Г.Болормаа, Д.Ганбаатар нар сумынхаа ИТХ-аас Засаг даргад дахин сонгогдсон байна. Мөн хамгийн олон хүн амтай ч өөрийн гэсэн дэвсгэр нутаггүй Эрдэнэбулган сумын ИТХ-аас Ж.Гурвантамирын нэрийг сумынхаа Засаг даргад дахин сонгож, аймгийн Засаг даргад өргөн барьсан аж.
Холбогдох хуулиар бол XI сарын 19-ний дотор түүнийг батлах ёстой аж. Одоогоор Архангай аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга, зарим тэргүүлэгч БНХАУ-д ажлын айчлал хийж байгаа сурагтай.
Л.Булган