Хятад улс зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-21 14:31:33

БЭЭЖИН. /Todayspak/. Мьянмарын зэвсэгт бүлэглэлүүд тус улсын БНХАУ-тай залгаа хил дээр байрлах цагдаа болон цэргийн шалган нэвтрүүлэх цэгүүд рүү халдсан хэрэг гарсны дараа БНХАУ зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ. Эдгээр хяналтын цэг нь мөргөлдөөнөөс дайжин дүрвэсэн олон хүний хувьд орогнох газар болдог юм. 

Мьянмарын зүүн өмнөд нутгийн Шан мужийн Мусе болон Куткай хот дахь цэргийн шалган нэвтрүүлэх цэг рүү зэвсэглэсэн гурван бүлэглэл нэгэн зэрэг халдсан тухай Хятадын "Синьхуа" агентлаг ням гарагт мэдээлсэн байна. Халдлагын улмаас цэргүүд болон энгийн иргэд амиа алдсан гэж мэдээлэлд дурджээ.

БНХАУ-ын зэвсэгт хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бөгөөд хилийн дагуу амьдарч буй хятад иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж тус улсын аюулаас хамгаалах хүчин мэдэгдлээ.

Мьянмар дахь БНХАУ-ын консулын газар хилийн бүсэд хурцадмал байдлыг намжаахын тулд энхийн гэрээ байгуулахыг дэмжсэн байна.

Мөргөлдөөнөөс дайжсан Мьянмарын иргэдийг Хятадын Засгийн газар орогнох байраар хангаж байна гэж мэдэгдэлд дурджээ.

Мьянмарын Шан мужид засгийн газрын цэргүүд болон зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд олон жилийн турш үргэлжилж байгаа мөргөлдөөний улмаас энгийн иргэд орох оронгүй болж байна. Энэ мөргөлдөөн Хятадын муж руу түрэн орж, хэд хэдэн хятад иргэний аминд хүрсний дараа Хятадын эрх баригчид хариу арга хэмжээ авч эхэлжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ