“Төрийн Төмөрөө” урлагт зүтгэсэн 40 жилийн ойгоо тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-21 14:00:36

Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар урлагт зүтгэсэн 40 жилийн уран бүтээлээ тайлагнан “Төрийн Төмөрөө” тоглолтоо үзэгч олондоо өргөн барина.

“Говь хянганд тулалдсан нь” киноны Цэдэнбал, “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын Жамуха, “Үхэж үл болно” киноны Чингис, "Суварган Цэнхэр уулс" киноны Саруулын дүр гэх мэт олон арван тайз, дэлгэцийн бүтээлээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон тэрбээр бүтээсэн дүр бүхнээ эргэн нэг харж 40 жилийн нөр их хөдөлмөрөө базаж тайлагнахыг зорьжээ.

Тайлан тоглолтод “Харанга”, “Хурд”, “Чингис хаан”, “Драмын 4” хамтлаг, МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, дуучин Г.Идэржавхлан, Л.Болдбаатар, Ардын жүжигчин С.Сарантуяа, СТА Г.Золбоот, Д.Бямбацогт, У.Батбаатар, Д.Хүрэлхүү, хошин урлагийн “Маск”, “Шинэ үе”, “Мөрөөдлийн театр”, “Эмоци”, “Х ТҮЦ”, “Шилдэг өнгө” зэрэг продакшны уран бүтээлчид оролцох юм.

Тайлан тоглолт энэ сарын 27-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болно.

Тэрбээр анх 1976 онд "Хүний амь" киноны Эрдэнээгийн дүрээр урлагт хөл тавьснаас хойш 40 жилийн хугацаанд тайз, дэлгэцийн 80 орчим дүр бүтээжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ