Үйлдвэр ашиглалтад орсноор ажилгүйдлийг бүрэн шийднэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Мандах суманд байдаг “МАК” ХХК-ийн эзэмшилд буй Цагаан суваргын зэсийн орд газрын баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 34 орчим хувьтай байгаа аж.
Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зориулж 2010 оноос хойш тус компани 200 гаруй сая долларыг өөрийн компаниас, 450 орчим сая долларыг Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкнаас зээлээр авч санхүүжүүлжээ.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар “МАК” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Г.Цогт энэ сарын дундуур Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Мандах суманд ажиллах үеэр танилцуулсан байна.
Зэсийн үнэ дэлхийн зах зээлд дээр унасан, хөрөнгө санхүүгийн хүндрэл бэрхшээл, зээлийн хүүгийн өсөлт зэрэг бодит шалтгааны улмаас үйлдвэрийг бүтээн байгуулах ажил одоогийн байдлаар зогсчихоод байгаа аж.
Тиймээс “МАК” компанийн удирдлагууд үйлдвэрийг ашиглалтад оруулахад Засгийн газраас хөрөнгө санхүүгийн дэмжлэг хүсчээ. Үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулж, 310 000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх юм.
Хэрэв хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэж чадвал Цагаан суваргын төсөл 2017онд үргэлжилж 2018 оноос анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах боломжтой гэнэ.
Дашрамд дурдахад “МАК” ХХК Мандах сумыг дахин шинээр цогцлоон байгуулах төслийг боловсруулсан төдийгүй томоохон үйлдвэрийг дагаад суманд ажилгүйдлийг зуун хувь шийдэх гэнэ.
Х.Эрдэнэбулган