Төрийн банкны хамт олон дотрын тасгийн нэг өрөөг бүрэн тохижуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙТөрийн банкны Хэнтий салбар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн нэг өрөөг бүрэн тохижуулжээ.
Жилд дунджаар 800-1000 хүн хэвтэн эмчлүүлдэг тус тасаг 2 эмч, 6 сувилагч 30 ортойгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2008 оноос хойш урсгал засвар хийгдээгүй байсан аж.
Тус тасаг нь шинээр баригдаж буй эмнэлэгт нүүж орох учраас одоо байгаа тасгийн шал, хана, тааз зэргийг засварлах шаардлагагүй гэж үзээд өрөөний тавилга, эд хогшлыг шинэчилсэн байна. Мөн эмчлүүлэгчдийн эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулалт хийх зорилгоор Эрүүл мэндийн буланг тохижуулан гарын авлага, ном товхимолоор баяжуулжээ.
Дотрын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч М.Алтантуул хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд дотрын өвчнүүд эхний байруудыг эзэлж байгаа бөгөөд эмчлүүлэгчдийн тоо жилээс жилд ихэсч байна. Энэ үед Г.Сүнжидмаа захиралтай Төрийн банкны Хэнтий аймаг дахь салбарын хамт олон ийм сайхан ажил санаачлан хийж байгаад талархаж байгаагаа хувиасаа болон эмчлүүлэгчдийнхээ өмнөөс илэрхийлье” гэлээ.
Д.Одонтунгалаг