Уулархаг нутгаараа 35-40 см цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-18 11:38:19

Увс аймгийн нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна. Ялангуяа уулархаг нутгаараа цасны зузаан их байгаа бөгөөд Түргэн, Хяргас сумын нутаг 35-40 см, бусад нутгаар 10-аас дээш см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Харин Увс аймгийн баруун талын сумд буюу Завхан, Өмнөговь, Өлгий сумын нутгаар цоохор цастай буюу хараараа байна. Энэ сарын 18-аас буюу өнөөдөр нийт нутгаар цас орох бөгөөд маргаашнаас хүйтрэх аж.

Увс нуур, Тэс голын сав газар, ялангуяа Тэс, Зүүнговь, Малчин сумын нутгаар шөнөдөө 35-40 хэм, Улаангом, Давст, Сагил сумдад 30-35 хэм, бусад сумдад 25-30 хэмийн хүйтэн байх нь ээ. Энэ сард манай улсын зарим нутгаар 47 хэм хүрч хүйтэрнэ гэж байгаа ч Увс аймгийн хувьд тийм ч их хүйтрэхгүй аж. Гэхдээ хойт өргөрөгийн хүйтэн агаар орж ирэх бөгөөд Увс аймгийн нутгаар дээд тал нь 40-45 хэмийн хүйтэн байна хэмээн мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Энэ хүйтэн 2-3 хоног үргэлжлээд буцаад эрч нь сулрах аж.

“Энэ жилийн хувьд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа ч 12, 1-р саруудад өмнөх жилүүдийн түвшинд хүйтний эрч хэвийн байна. Харин 2, 3-р сард хүйтний эрч 35-40 хэмд хүрнэ. Өвлийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр 12-р сард олон жилийн дунджийн орчим цас орж, хүйтэн байх бол 1, 2-р сардаа олон жилийн дунджаас 1 хэм орчим хүйтэн жил болох төлөвтэй байгаа. Урд өмнө нь болж байгаагүй хүйтэн биш, гэхдээ хүйтэн өвөл болно. Мөн 2, 3-р сардаа цас ахиу орно” хэмээн Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Д.Мөнхбат мэдээллээ.

Өвлийн үд хүйтнээс урьтаж нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтоод байгаа нь мал бэлчээрлэхэд хүндрэл учруулж байна. Иймээс малчид цас багатай газар луугаа нүүдэллэж байгаа аж. Ер нь цас ихтэй, хүндхэн өвөл болохыг мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа анхааруулж байгаа тул малчид, ард иргэд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ