Мозамбик улсад цистерн дэлбэрсний улмаас 70 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-18 11:23:18

МАПУТО. /Reuters/. Мозамбик улсад шатахуун тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрсний улмаас 73 хүн амиа алдсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Тус улсын засгийн газрын албаны хүмүүс мэдэгдэхдээ “Малави улстай залгаа хилийн ойролцоох Тете мужийн Капхиридзанже хотод ачааны машинаас хүмүүс бензин авах гэж байх үед дэлбэрэлт болсон” гэв.

100 гаруй хүн гэмтэж бэртсэний заримынх нь биеийн байдал тааруу байгаа аж.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, цистерн осолдсоны дараа хүмүүс бензинийг нь авах гээд дайрч байх үед дэлбэрэлт болжээ.

Энэ цистерн нь Мозамбикийн Бейра хотоос Малави руу бензин тээвэрлэн явж байжээ.

Мозамбик нь дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг бөгөөд тус улсын 24 сая хүн амын талаас илүү хувь нь ядуурлын босгоос доогуур орлоготой байна.

1975 онд Португалаас тусгаар тогтносон тус улсад 1992 онд дууссан 16 жилийн иргэний дайны хор уршиг өнөө хэр нь нөлөөлсөөр байгаа ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ