ХЭҮК, Үндсэн хуулийн цэц, СЗХ-ны гишүүдийг томилохыг дэмжжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын /ХЭҮК/ гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийн талаар хэлэлцжээ.
ХЭҮК-ын гишүүнд: УИХ-аас Жамсрангийн Бямбадоржийг томилуулах саналыг тавьсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Ж.Бямбадорж нь Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг. Оросын холбооны улсын Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор. Тэрбээр 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010-2016 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байгаа юм.
Мөн хуралдаанаар Ж.Бямбадоржийг ХЭҮК-ын даргаар томилох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжжээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд: Доржийн Одбаярыг томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь нь дэмжжээ. Д.Одбаяр нь 1967 онд Дорнод аймагт төрсөн, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2013 оноос “Альтернатив Энерги” ХХК-д зөвлөхөөр ажилласан байна.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд: Отгонбатын Батбилэгийг томилуулах саналыг мөн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжжээ. О.Батбилэг нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны болон төрийн удирдлагын магистр. 2004-2005 онд УИХ-ын Байнгын хорооны нарийн бичгийн дарга, 2005-2006 онд УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтэст зохион байгуулагч, референт, 2006-2015 он хүртэл Санхүүгийн зохицуулах хороонд ахлах мэргэжилтэн, улсын байцаагч, эрх зүйн хэлтсийн дарга, Эрсдэлийн удирдлага, зохицуулалтын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
Ингээд дээрх томилгоог УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ. Үргэлжлүүлэн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 15 дахь илтгэлийг хэлэлцэв.
Н.Туяа