"Ногоон гэрэл-Цагаан шугам-2016" тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЖил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Ногоон гэрэл-Цагаан шугам-2016" аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хэнтий аймгийн БТСГ-т болж өнгөрлөө.
Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготой тус тэмцээн энэ жил аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит болон явагдсанаараа онцлог байв.
Тэмцээнд аймгийн төвийн 4 сургууль, Дадал, Дэлгэрхаан сумдын сургуулийн сурагч, багш нар оролцож, мэндчилгээ, жүжигчилсэн тоглолт, асуулт хариултын тэмцээн, хуулийн булан зэрэг олон төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Тэмцээний тэргүүн байранд Хэрлэн 1 дүгээр сургуулийн Лаборатори Роlice баг, удаах байруудад Хэрлэн 4 дүгээр сургуулийн Авто лидер баг, Тэмүүжин цогцолбор сургуулийн Тэмүүжин баг, тусгай байранд Хан Хэнтий цогцолбор сургуулийн Сүлд баг тус тус шалгарч, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шагнал гардууллаа.
Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын хувьд ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоороо сургуулийн орчинд эргүүлийн үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” ажиллах үлгэрчилсэн журмыг баталсан байдаг. Энэ нь ЕБС, МСҮТ түүний орчинд сурагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирох, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлдэг сайн туршлага юм.
Д.Одонтунгалаг