Монголын сонгодог урлаг сонирхогчид "Вердийн үдэш"-ээр "аялна"

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-15 16:02:31

УДБЭТ-ын хамт олон Ази, Европ, Америк тивийн уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Вердийн үдэш” сонгодог тоглолтыг Италийн ЭСЯ-тай хамтран энэ сарын 17-нд зохион байгуулах болсноо сэтгүүлчдэд мэдээллээ.

Тус театрын урилгаар Италийн Парма хотын Режио театрын удирдаач Сержио Пеллегрини хүрэлцэн ирж, энэхүү тоглолтыг удирдах юм.

Манай үзэгчид дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээл “Травиата”, “Трубадур”, “Риголетто”, “Аида”, “Отелло” дуурьтай эртнээс танилцсан бол энэ удаа тус театрын тайзнаа тоглож байгаагүй бусад бүтээлийн дээжээс танилцах боломжтой.

Италийн Парма хотын театрын удирдаач Сержио Пеллегрини: Өнөөдөр дуурийн театрын дуучидтай анхны сургуулилт хийлээ. Дуучдыг сонсоход сайхан хоолойтой, бэлтгэл сайтай, авьяаслаг дуучид байна. Тоглолтод Ж.Вердийн бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэсэн, олон сайхан бүтээл эгшиглэсэн сонгодог үдэш байх болно.

Ардын жүжигчин, УДБЭТ-ын уран сайхны удирдагч А.Дашпэлжээ: Дэлхийд алдартай хөгжмийн зохиолч Ж.Вердийн уран бүтээл манай театрын урын санд нэлээд хувийг эзэлдэг. Дэлхийн дуурийн урлагт тэр дундаа 2 дуурьт Монголын тухай дурссан нь бий. Тухайлбал, Дж.Пуччини “Турандут” дуурьт Тогоон төмөр хааны тухай, Ж.Верди Атилла хааны тухай дурдсан. Энэ тоглолтод “Атилла” дуурийн удиртгал хөгжим, ари шинээр эгшиглэх гэж буйгаараа онцлогтой. Нэгэн орой Ж.Вердийн бтээлүүдийг дуулаад өнгөрөх биш цаашид хоёр улс, театрын хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй өргөжинө гэдэгт итгэлтэй байна.

Тоглолтод УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ А.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, СТА Р.Доржхорол, Ч.Энхтайван, Э.Анхбаяр, О.Хүрэлбаатар, Б.Гомбо-Очир, дуучин Б.Батжаргал, С.Бат-Эрдэнэ нараас гадна симфони найрал хөгжим, найрал дуучид оролцоно.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ