ОХУ-ын эзэмшлийн орон сууцуудыг хувьчлахыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ“Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос 1971 оны тогтоолоор тухайн үеийн ЗСБНХУ (одоогийн ОХУ)-д олгосон байруудыг одоо оршин сууж байгаа иргэдэд нь хувьчлахыг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргаас шаардав.
1971 онд Монгол, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын протоколоор Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байрлуулах зорилгоор Улаанбаатар хотод 40 мянган м2, Дарханд 10 м2 газрыг орон сууцны зориулалтаар олгосон байна. Үндсэн хууль болон олон улсын бусад эрх зүйн актуудын хүрээнд 1990-ээд онд ЗСБНХУ задарч, зөвлөлтийн мэргэжилтнүүд буцах үед уг протол хүчингүй болох ёстой ч Засгийн газар үүргээ биелүүлээгүй төдийгүй газрын хэмжээг 98 мянган м2 болгож нэмсэн хэмээн тус холбооны өмгөөлөгч Ц.Монгол хэллээ.
Тэрбээр, “2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Монгол Улсад айлчлах үед дээрх орон сууцуудыг Монголын талд шилжүүлэхээр тохирсон. Гэвч уг тохиролцоо одоог хүртэл хэрэгжээгүй. Дээрх байруудыг Монголын 15 мянган иргэн сард 570-730 мянган төгрөгөөр түрээслэн амьдарч байна. Түрээсийн мөнгөнөөс л гэхэд сард 5 сая ам.доллар ОХУ руу гарч байна гэсэн үг. Түүнчлэн ОХУ-ын Засгийн газрын итгэмжлэлээр тус байруудыг түрээслүүлж буй аж ахуйн нэгжүүд иргэдийг шалтгаангүйгээр хөөх, түрээсийн мөнгийг нэмэх, ус, цахилгааныг таслах зэргээр дарамтлах болсон. Тиймээс Ерөнхийлөгч болон УИХ-ын даргыг 2009 онд ОХУ-тай хийсэн тохиролцоог хэрэгжүүлж, иргэдийн түрээслэн амьдарч буй байрыг хувьчлахыг шаардав. Шаардлагын хариуг 5 хоногийн дотор бидэнд ирүүлэх гүй бол түрээслэгчид жагсаал хийх, өлсгөлөн зарлах зэргээр тэмцлийн хэлбэрт шилжих болно” гэв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ