Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настанд зориулсан сургалт болж байна

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 14:55:52

Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Сэлэнгэ” салбар болон аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хамтран зөвхөн сургалтанд хамрагддаггүй ахмадууд, хөгжлийн бэхшээлтэй иргэдэд зориулсан сургалт зохион байгуулж байна.

Уг сургалтыг 5 хоногийн хугацаатай Сүхбаатар суманд зохион байгуулах юм. Дээрх иргэдийг зөвхөн сургалтанд хамруулаад зогсохгүй эрүүл мэндийн үзлэгт хамруулах, шаардлагатай аппарат тоног төхөөрөмжөөр туслах ажлуудыг хийж байгаа аж.

Энэхүү сургалтын талаар аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн А.Энхжаргал “хамгийн гол нь бид өнөөдөр нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтраад гэрээгээр ажиллаж байгаа. Гэрээгээр ажиллаж байгаа гол зорилго нь зорилтот бүлэг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, бусад хорих ангиас суллагдсан хүмүүс, ажилгүй иргэд, өрхийн орлого бага иргэд гэх мэт дан зорилтот бүлгүүдэд сургалт зохион байгуулахаар гэрээ хийж хамтарч ажиллаж байна” хэмээн ярилаа. Сэлэнгэ аймгийн хэмжээгээр нийт хөгжлийн бэрхшээлтэй 5400 гаруй иргэд байдаг бөгөөд үүний 2200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг аж. Сургалтын үеэр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд даралт ихдэх, чихрийн шижин болон бусад түгээмэл өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх ёс зүйд суралцах зэрэг сэдвүүдээр сургалт, сурталчилгаа явуулж, бясалгалын хичээл зааж байгаа гэнэ. “Энэ үйлчилгээ бол ахмад биднийг өндөрт өргөж, хүндэлж үзэж байгаагийн илрэл. Манай Сэлэнгэ аймгийн тухайд ахмад настан луугаа хандсан үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явагддаг” гэж сургалтанд оролцогч ахмад настнууд нэгэн дуугаар хэлж байлаа. Сургалтын үеэр ахмадуудад тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, өдөр бүр сэтгэл ханамжийн судалгаа авч тэдний үзэл бодлыг сонсож байгаа аж. Эндээс гарсан асуудлаар дараачийн сургалтын төлөвлөгөөгөө боловсруулж байгаа гэлээ.   

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ