Трампын төлөвлөгөөг зогсоохын тулд Мексик улс бүхий л аргыг хэрэглэнэ гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-11-11 11:27:07

МЕХИКО. /Reuters/.  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсантай холбоотойгоор АНУ-д оршин суугаа бичиг баримтгүй мексик цагаачдыг нутагт нь буцаах ажиллагаа идэвхжиж магадгүй боловч уг ажиллагаа тэр даруйдаа шууд эхлэхгүй байх гэж Мексикийн цагаачлалын асуудал эрхэлсэн Дотоод хэргийн дэд сайд лхагва гарагт мэдэгджээ.

Д.Трамп санал асуулга явуулагчдын таамгийг эвдэн, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг ялан Цагаан ордны тэргүүнээр сонгогдсон явдал нь дэлхий дахиныг тодорхойгүй байдалд оруулаад байгаа билээ.

Түүний ялалт Мексик улсад хамгийн ихээр нөлөөлж байна.

Сонгуулийн дараа тус улсын мөнгөн тэмдэгт болох песогийн ханш 10 хувиар унасан байна. 1 дүгээр сарын 20-нд үүрэгт ажилдаа орох Д.Трамп бичиг баримтгүй хэдэн сая цагаачдыг нутагт нь буцаана гэдгээ мэдэгдсэнээс гадна Mексиктэй залгаа хил дээр хана босгож, Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг зогсооно гэсэн нь хил дамнасан хэдэн тэрбум долларын худалдааг эрсдэлд оруулаад байгаа юм.

“Хэрэв хууль бус цагаачдыг буцааж эхэлбэл ойролцоогоор 6 сая орчим мексикчүүдийг АНУ-аас албадан  гаргаж магадгүй. Энэ тоо цаашдаа ч өснө. Гэхдээ ийм олон хүнийг нутагт нь буцаах ажиллагаа тэр даруйдаа эхлэхгүй байх гэж бид бодож байна” гэж цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Умберто Роке Вильянуэва “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “АНУ болон Мексикийн хооронд илгээж буй мөнгөн гуйвуулгыг зогсооно гэсэн Д.Трампын төлөвлөгөөг зогсоохын тулд хууль ёсны бүх аргуудыг хэрэглэж, АНУ-ын Конгрессийг ятгахад Мексик улс бэлэн байна” гэжээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ