Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогод нөлөөлөх вий хэмээн түгшиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-10 11:25:20

РАБАТА. /NHK/. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хуралд оролцогчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн олон улсын үйл ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нөлөөлж болзошгүйд түгшиж байгаагаа илэрхийллээ.

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп кампанит ажлынхаа үеэр дэлхийн дулааралтай тэмцэх арга хэмжээнд таагүй ханддагаа илэрхийлсэн билээ.

Мароккод болж буй “COP 22” уулзалтад оролцож байгаа орон орны төлөөлөгчид дэлхийн дулааралтай тэмцэх арга хэмжээг Парисын гэрээнд үндэслэн хэрэгжүүлэх журмыг хэлэлцэж байна. Мөн тэд хөгжингүй орнуудын зүгээс хөгжиж буй орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх арга замын талаар хэлэлцэж байгаа аж.

Харин Япон болон бусад хөгжингүй орнуудын албан бус уулзалтын үеэр АНУ-ын төлөөлөгч хэлэхдээ, Ерөнхийлөгчийн сонгууль бидний хэлэлцээнд нөлөөлөхгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Харин бусад орны төлөөлөгчид хэлэхдээ, ирэх нэгдүгээр сард Д.Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалыг авсны дараа юу болох нь тодорхойгүй байна гэлээ.

АНУ-ын хэд хэдэн Төрийн бус байгууллагын зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд зарим орны төлөөлөгчид оролцож, Парисын гэрээнээс гарах гэсэн Трампын байр суурьтай холбоотойгоор асуулт тавьсан байна. 

Төрийн бус байгууллагын нэгэн төлөөлөгч нөхцөл байдал хүнд байгааг дурдаад, Парисын гэрээг дагаж мөрдөхийг АНУ-д уриалаад, тус улс наад зах нь дөрвөн жилийн хугацаанд энэ гэрээнээс гарах боломжгүй гэдгийг сануулжээ. 

АНУ энэ гэрээнээс гарахгүй байлаа ч гэсэн тус улс хүлэмжийн ялгарлыг бууруулах зорилтдоо хүрэх, хөгжиж буй орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлэхдээ хойрго хандаж магадгүй гэж болгоомжилж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ