Гэмт хэрэгтний гэрээс дахин хоёр цогцос илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭВАШИНГТОН. /ВВС/. Нийт долоон хүний амийг хөнөөсөн гэдгээ хүлээгээд байгаа Тодд Колхепп гэдэг залуугийн Өмнөд Каролина муж улс дахь гэрээс нь дахин хоёр цогцос олсон байна.
Эдгээр нь жил орчмын өмнө буудуулж амиа алдсан гэр бүлийн хоёрын цогцос байсныг мөрдөн байцаагчид тогтоожээ. Колхепп цогцсуудыг гэрийнхээ хажууханд булсан байжээ.
Гэмт этгээд Спартанбург хотын өмнөд дүүрэгт орших байшиндаа нэгэн эмэгтэйг нохой мэт гинжилсэн байсныг цагдаа нар илрүүлснээр Колхеппийг баривчилсан байна.
Өдгөө 45 настай Т.Колхепп дээрх гэр бүлийн хоёрыг хөнөөж, мөн 2003 онд мотоциклийн дэлгүүр дотор дөрвөн хүнийг буудаж хөнөөсөн болохоо хүлээн зөвшөөрчээ.
Өмнө нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдож байсан энэ этгээдэд хүний амь бүрэлгэсэн, хүн барьцаалсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байна.
Сүүлд олдсон хоёр цогцсыг бие дээрх шивээсээр нь хэн болохыг нь тодорхойлсон бөгөөд эмэгтэй нь 25 настай Мэган Кокси, эрэгтэй нь 29 настай Жонни Кокси нар байжээ. Тэд нэг хүүхэдтэй ажээ.
Д.Нямтулга