Рио-де-Жанейро мужийн банкны гүйлгээг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-11-08 14:57:07

РИО-ДЕ-ЖАНЕЙРО./ВВС/. Бразилын Засгийн газар Рио-де-Жанейро мужийн банкин дахь данснуудыг битүүмжилж, хугацаа хэтэрсэн өрөө төлөхийг шаарджээ.

Энэ сард олон төрийн албан хаагч цалингаа авч чадаагүй байна. Дэлхийн зах зээлд нефть болон түүхий эдийн үнэ унасантай холбоотойгоор Рио-де-Жанейро муж санхүүгийн хямралд орсон билээ. Тус мужид “Рио-2016” Олимпын наадам болохын өмнөхөн санхүүгийн онц байдал зарлаж байсан юм.

Тус мужийн захирагч Луис Фернандо Пезао өнгөрсөн долоо хоногт хэмнэлтийн арга хэмжээ авахаа мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, хэмнэлтийн арга хэмжээг батлахгүй бол төрийн албан хаагчид ирэх онд цалингаа бүтнээр нь авч чадахгүйд хүрнэ гэсэн байна. Харин Рио-де-Жанейро мужийн Сангийн сайд хэлэхдээ, мужийн өрийг төлөхөөс нааш бид ямар нэгэн төлбөр тооцоо хийх боломжгүй болсон гэжээ.

Рио-де-Жанейро муж Бразил улсын 100 жилийн түүхэнд гарч байгаагүй эдийн засгийн хямралд өртөөд байгаа бөгөөд албаны хүмүүсийн ярьснаар, тус муж Холбооны Засгийн газарт 53 сая долларын өртэй аж.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ