Неймарыг залилангийн хэргээр шүүнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-11-08 13:24:21

МАДРИД. /ВВС/. “Барселона” клуб болон Бразилын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Неймарыг залилангийн хэргээр шүүх ёстой гэж Испанийн шүүгч мэдэгдэв.

Түүний хэргийг хэрэгсэхгүй болгоод байсан боловч энэ даваа гарагт “DIS” хөрөнгө оруулалтын сангийн гаргасан нэхэмжлэлээр түүний хэргийг дахин шалгаж эхэлжээ. 2013 онд Неймар “Барселона” клубт орох үедээ залилан хийсэн гэж тус сан мэдэгдсэн байна. Энэ сан түүнийг шилжүүлэх эрхийг албан ёсоор эзэмшдэг байжээ.

Дээрх нэхэмжлэлийг Неймар болон түүний эцэг эх эсэргүүцэж байгаа бөгөөд долдугаар сард тэдний хэргийг хаасан байна.

Гэтэл Испанийн Дээд шүүх есдүгээр сард шүүгч Хосе де ла Матад хэргийг дахин шалгахыг даалгажээ.

“DIS” сан нь Бразилын “Сантос” клубээс Неймарыг шилжүүлэх авах өртгийн 40 хувийг авах эрхтэй байсан боловч шилжүүлгийн мөнгийг нуун дарагдуулсны улмаас тус сан авах ёстой мөнгөнийхөө оронд бага хэмжээний нөхөн олговор авсан байна.

Неймар болон түүний эцэг эх, “Барселона” клубын ерөнхийлөгч асан Сандро Россель, одоогийн ерөнхийлөгч Жозеф Мария Бартомеу болон "Барселона" клуб энэ хэрэгт холбогдоод байна гэж Испанийн “EFE” агентлаг мэдээллээ. Неймар 10 дугаар сард “Барселона” клубтэй 5 жилийн гэрээ байгуулсан билээ.

Неймарыг шилжүүлэн авахдаа татварын зөрчил гаргасан гэх үндэслэлээр “Барселона” клубт 5.5 сая еврогийн торгууль ногдуулаад байгаа аж.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ