АНУ-аас буу зэвсэг худалдан авах гэрээг Р.Дутерте цуцалжээ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-11-08 11:11:13

МАНИЛА. /Reuters/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте АНУ-аас цагдаагийн хэрэгцээнд ашигладаг буу зэвсэг худалдан авах гэрээг цуцлах тухай зарлиг гаргажээ.

"Бид АНУ-аас өндөр үнэтэй зэвсэг худалдан авах шаардлагагүй. Тэдгээрийг өөр газраас авах боломжтой. Энэ гэрээг цуцлахыг цагдаагийн газарт даалгасан. Бидэнд тэдгээр буунууд хэрэггүй" гэж тэрбээр телевизээр мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ "бид хямд, бат бөх, сайн чанарын буу худалдан авч болох газрыг хайж олох хэрэгтэй" гэжээ.

Харин АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Марк Тонер "гэрээг цуцалсан талаарх ямар нэгэн мэдээлэл бидэнд алга" гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Филиппинд өрнөж буй хар тамхитай тэмцэх ажиллагааг АНУ буруушаасныг Родриго Дутерте эрс эсэргүүцсэнээр олон жилийн турш холбоотон байсан АНУ-Филиппиний харилцаа сүүлийн үед нэлээд ээдрээтэй болсон билээ.

Хүний эрхийг зөрчих асуудал гарч байгаатай холбоотойгоор Филиппинд буу худалдах шаардлагагүй гэж сенатч Бен Кардин мэдэгдсэний дараа АНУ-ын Төрийн Департамент Филиппиний Үндэсний цагдаагийн газарт 26 000 ширхэг буу нийлүүлэх гэрээг зогсоосон байна. 

Филиппинд зэвсэг худалдах сонирхолтой байгаагаа ОХУ болон БНХАУ илэрхийлсэн гэж Дутерте мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ