Хятад, Орос хоёр Алс Дорнодыг хамтран хөгжүүлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2016-11-08 09:40:43

САНКТ-ПЕТЕРБУРГ. /NHK/. Оросын Алс Дорнодыг хөгжүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ОХУ болон БНХАУ тохиролцлоо.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр Санкт-Петербург хотод БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяныг хүлээн авч уулзсанаас гадна худалдаа, хөрөнгө оруулалтын бага хуралд оролцсон байна. 

Бага хурлын үеэр Оросын “Роснефть” компани салбар компанийнхаа хувьцааны 20 хувийг Хятадын компанид 1.1 тэрбум доллароор худалдахаар тохиролцсон байна. Энэ салбар компани нь Зүүн Сибирь дэх "Верхнеудинск" газрын тосны  орд газарт олборлолт явуулж байгаа ажээ. Энэ орд 1.2 тэрбум баррель газрын тосны нөөцтэй бөгөөд ОХУ-аас Ази Номхон далайн бүс нутаг руу хийж буй нефтийн экспортын гол хэсгийг бүрдүүлэх төлөвтэй байна. 

Ерөнхий сайд Д.Медведев хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, ОХУ болон БНХАУ-ын тал Оросын Алс Дорнодын бүс нутгийг хамтран хөгжүүлэх тухай шийдвэрээ дахин бататгалаа гэв.

ОХУ эрчим хүчний салбар болон Алс Дорнодыг хөгжүүлэхэд Японтой мөн хамтран ажиллах хүсэлтэй байгаа билээ.

Украины асуудлаас үүдэн Өрнөдийн орнуудын авсан хориг арга хэмжээний улмаас эдийн засаг нь хүнд байдалд ороод байгаа ОХУ-ын хувьд БНХАУ, Япон хоёрын аль алинтай нь эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байна гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ