Дорнод аймгийн Засаг дарга  Зүүн Бүсийн Оюутны Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-11-07 18:00:31

Зүүн Бүсийн Оюутны Холбоо III чуулганаа Дорнод аймгийн Политехник коллеж дээр энэ сарын гурванд зохион байгуулав. Чуулганд Монголын оюутны Холбооны Дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатар, нарийн бичгийн дарга Б.Жигжид, ЗБОХ-ны Тэргүүн Г.Анхбаяр, Дорнод Их сургууль, Дорнод Политехник коллеж, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн төлөөлөл нийт 70 гаруй төлөөлөгч оролцлоо.

Чуулганаар Дорнод аймгийн Засаг дарга, Зүүн бүсийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэнг Зүүн Бүсийн Оюутны Холбооны Ерөнхийлөгчид 100 хувийн саналаар сонгон баталж, холбооны тамга, тэмдгийг гардуулав. Холбооны шинэ Ерөнхийлөгч, Монгол орны маргаашийн хувь заяа оюутан залуустай салшгүй холбоотойг онцлон, Зүүн бүсийн оюутны холбооны нэрийг өндөрт өргөж, оюутнуудын эрх ашиг, тэднийг хөгжүүлэхэд бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Анхбаярыг томилж, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн баталлаа. Г.Анхбаяр нь тус холбоог байгуулагдсан цагаас нь эхлэн дэд тэргүүнээр зургаан жил, тэргүүнээр сүүлийн таван жил ажилласан туршлагатай нэгэн. Мөн чуулганы үеэр холбооны жилийн ажлын тайлангаа танилцуулж, шилдэг илтгэлийн уралдаанд шалгарсан оюутнуудыг өргөмжлөн, МОХ-ын дээд шагнал “Манлайлагч оюутан”, “Манлайлагч залуу” алтан медалиар дөрвөн оюутныг шагнаж, урамшуулав.

ЗБОХ-нь 2005 онд бүсийн анхны холбоо болон байгуулагдаж байжээ. Өдгөө 5000 оюутнаар эгнээгээ тэлж өргөжин оюутан залуусын эрх ашиг, дуу хоолой болж, тэдний хөгжил дэвшлийн төлөө ажиллаж байна.

Б.Туяа

 

 

Холбоотой мэдээ