Дэлхийн спорт дахь хамгийн азгүй багууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-11-07 15:45:49

ЛОНДОН. /BBC/. Америкийн бейсболын "Чикаго Кабс" баг шувтаргын тоглолтод “Кливленд Индианс” багийг 3:1 харьцаагаар ялснаар аваргын титмийг 108 жилийн дараа дахин хүртлээ. Ингэснээр дэлхийн спортын түүхэн дэх “аварга цол хүртэж чадалгүйгээр хамгийн урт хугацаанд тоглосон баг” гэж нэрлэгдэж байсан чикагочууд зуун дамжсан их азгүйтэлдээ цэг тавьж чадсан байна.

Дэлхий дээр "Чикаго Кабс"-аас гадна нэлээд хэдэн баг хэдэн арван жилийн турш аварга цол хүртэж чадаагүйдээ гутарч гунихгүйгээр тухайн төрлийн спортын лигт хүч үзсээр байгаа аж.  Тухайлбал, "Чикаго Кабс" багт финалд хожигдсон "Кливленд Индианс" гэхэд 68 жилийн турш алтан медалийн бараа хараагүй аж. Түүнээс гадна, америк хөлбөмбөгийн түүхэнд "Аризона Кардиналс" хэмээх хэзээ ч аварга цол авч үзээгүй азгүй нэгэн баг байдаг гэнэ.

Ийм азгүй баг Америкийн сагсан бөмбөгийн лигт ч бий. Тодруулбал, “Сакраменто Кингз" баг NBA-гийн аваргын цомыг 1951 оноос хойш авч үзээгүй байна.

Тэгвэл Торонто Мейпл Лифс /Toronto Maple Leafs/ баг Үндэсний хоккейн лигийн /NHL/ аваргаар хамгийн сүүлд 1967 онд тодорч байжээ. Гэхдээ энэ баг лиг дотроо хамгийн хүчтэй багуудын нэгд тооцогдож, аваргаас бусад цол шагналыг 13 удаа хүртэж байжээ.

Хөлбөмбөгийн азгүй багууд

Уругвай улсын шигшээ баг ДАШТ-нд түрүүлснээс хойш бүхэл бүтэн 66 жил өнгөрчээ. Гэхдээ ДАШТ дөрвөн жилд нэг удаа болдог гэдгийг дурдах нь зүйтэй.  

Боливи улсын хөлбөмбөгчид Америкийн цомын тэмцээнд /Copa America/ 1963 оноос хойш ганц ч удаа түрүүлж үзээгүй гэнэ. Гэхдээ энэ тэмцээн бол Европын аварга шалгаруулах тэмцээнтэй дүйцэхээр чансаа өндөр тэмцээн билээ.  

Түүнээс гадна Аргентины хөлбөмбөгчид сүүлийн 23 жилийн хугацаанд Америкийн цомыг аваагүй гэж бодохоор гайхшрал төрнө. Бүр 1993 онд аргентинчууд Эквадорын шигшээг финалд ялснаар уг цомын эзэн болж байжээ.

Харин хөлбөмбөгийн клубүүдээс дэндүү гэмээр аз муутай нь Португалын “Бенфика” болой. Энэ баг 1962 оноос Европын цомын янз бүрийн тэмцээнүүдэд найман удаа финалд шалгарч байсан боловч наймууланд нь  ялагдаж байжээ. Тухайн 1962 онд Унгарын дасгалжуулагч Бела Гуттман өөрт нь төлөх ёстой байсан мөнгөө өгөхөөс луу унжсан “Бенфика” клубынханд ихэд гомдон “та нар ирэх 100 жилийн хугацаанд Европын тэмцээнд аваргалж чадахгүй” гэж шаралхжээ. Тэр цагаас хойш “Бенфика” найман удаа финалд гараад аваргын титэм авч чадаагүй гунигт түүх бол энэ юм.   

Өмнөд Америкийн хамгийн азгүй клубүүдийн нэг бол Аргентины “Расинг” яах аргагүй мөн. Энэ баг бүр 1967 онд “Либертадорес”-ийн цом авснаас хойш өөр ямар нэгэн том тэмцээнд түрүүлж чадалгүй байсаар өдийг хүрчээ.

Европ тивд “Бенфика”-гаас гадна азгүйгүйчүүдийн тоонд орохоор хэд хэдэн клуб бий. Тухайлбал, Испанийн “Бетис” клуб гэхэд өөрийн түүхэнд цорын ганц удаа буюу 1934-1935 оны тоглолтын улиралд улсын аваргаар тодорч байснаас хойш аваргын цомын бараа хараагүй гэнэ.

Түүнчлэн “Женоа” гэдэг клуб бүр 1924 онд Италийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан аж. Англид гэхэд, “Уэст Бромвич” гэдэг клуб 1920 онд улсынхаа аваргаар шалгарч байсан бол Германы “Герта" клубын хөлбөмбөгчид 1931 оноос хойш аваргын цомын бараа хараагүй болой.

Х.Сарнай 

 

Холбоотой мэдээ