Энди Мюррей дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-11-07 14:26:48

ВАШИНГТОН./BBC/. Их Британийн талбайн теннисчин Энди Мюррей Америкийн теннисчин Жон Иснерийг 6-3, 6-7 /4-7/, 6-4 харьцаагаар буулган авснаар анх удаагаа Парисын мастеруудын тэмцээнд түрүүллээ. Ийм амжилт үзүүлснээр тэрбээр дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмблэгдэж эхэлсэн байна.

Тоглолтын эхэнд давуулалтаа хоёр ч удаа алдаад байсан Э.Мюррей удалгүй тоглолтынхоо "формонд" орж 4-0-оор тэргүүлж эхэлснээр тоглолтын санаачилгыг гартаа авсан байна. Ж.Иснерт боломж өгөхгүйн тулд Мюррей маш хүчтэй хамгаалж байлаа. 

Хоёр дахь ээлжийн тоглолтод Иснер хоёр ч удаа ялалтын оноонд дөхөж очсон юм. Эхний үед Мюррей өрсөлдөгч нь давуулах үед зургаан оноо авсан нь 35 минут үргэлжилсэн эхний үед түүнийг ялахад хангалттай байлаа. 

Хоёрдугаар үед Иснер Мюррейгийн эсрэг илүү хүчтэй довтолж, авхаалжтай тоглож чадсанаар ялалт байгуулсан бөгөөд 3 дугаар үед хэн хожсон нь түрүүлэх болоод байлаа. Шийдвэрлэх тоглолтод 2 м гаран өндөр, 31 настай Иснерийн хувьд шийдвэрлэх үеийг 7-4 харьцаагаар дуусгахын тулд ихэд хичээсэн юм. Гэвч Мюррей өрсөлдөгчийнхөө хүчтэй давуулалтуудыг алдалгүй тогтоон, хариу хүчтэй довтолгоо хийснээр тооны харьцааг 5-4 болголоо. Ингэснээр гурав дахь үед хэн хожих нь тодорхой болсон юм.

Энэ удаагийн ялалт нь Мюррейгийн хувьд 2016 онд Мэргэжлийн теннисчдийн холбооны тэмцээнүүдээс авсан зургаа дахь түрүү нь байлаа.

Мюррей өдгөө 29 настай бөгөөд шинэ чансааны нэгдүгээрт жагсахад Олимп болон Уимблдоны  тэмцээнээс авсан цомууд нь голлон нөлөөлсөн байна. Тэрбээр даваа гарагт албан ёсоор дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн бөгөөд энэ нь чансаа гаргаж эхэлсэн үе буюу 1973 оноос хойш анх удаа Их Британийн иргэн хүн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд чансааны тэргүүнд бичигдэж байгаа тохиолдол юм.

Бямба гарагт болсон хагас шигшээ тоглолтод Мюррейтэй өрсөлдөх  ёстой байсан Милос Раонис хөлөндөө гэмтэл авсны улмаас тоглолтыг өнжихөөс аргагүйд хүрчээ. 

Өмнөх чансааг тэргүүлэгч Новак Жокович 1/4 шигшээд Марин Киличид хожигдсоноор тэргүүлэгч эрэмбээ алдсан юм. Дэлхийн мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн цуврал тэмцээнүүд дуусах шатандаа орж байгаа бөгөөд Мюррей анх удаа хамгийн олон оноотойгоор нэгдүгээрт бичигдэж байна.

Харин Н.Жоковичийн хувьд, томоохон тэмцээнүүдийн финалын бүх тоглолтуудад ялж чадвал 203 долоо хоногийн турш хадгалж байсан чансааны тэргүүн байраа эргүүлэн авах боломжтой юм.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ