Пак Гын Хэ-гээс энэ сард багтаан мэдүүлэг авч магадгүй

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-11-07 11:23:53

СӨҮЛ. /Kyodo/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дотно найз Чой Сүн Силтэй холбоотой дуулиан шуугиан газар авснаар ерөнхийлөгчийн хоёр туслахыг прокурорууд баривчлаад байна. Энэ дуулиан шуугиантай холбоотойгоор 11 дүгээр сард багтаан Ерөнхийлөгч Пакаас прокурорууд мэдүүлэг авч магадгүй байна.

Ерөнхиийлөгчийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ан Жон Бом, Жон Хо Сон нарыг тус улсын прокурорууд өнгөрсөн амралтын өдөр албан ёсоор баривчилжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын оролцоотойгоор байгуулсан хоёр сангийн мөнгөнөөс завшсан гэж Ан овогтыг сэжиглэж байгаа юм. Харин Жон овогтыг Ерөнхийлөгч Пактай  40 гаруй жил найзалсан, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт баривчлагдсан Чой Сүн Силд албаны нууц баримт бичгүүдийг өгсөн гэж буруутгаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Пак нь дээрх хоёр санд санхүүгийн тусламж үзүүлэх компаниудын тоог 10-аас 30 болгон нэмэгдүүлэхийг Ан Жон Бом-д үүрэг болгосон бололтой. Пак Гын Хэ ийм үүрэг өгсөн эсэхийг прокурорууд олж тогтоохоор ажиллаж байна.

Сэжигтнүүдийг баривчлахын тулд Пак Гын Хэ-г хугацаа алдалгүй байцаахыг олон нийт шаардаж байгаа юм. 

Ерөнхийлөгчийн ордонд эсвэл өөр газарт мэдүүлэг өгөх эсэхийг нь мөрдөн байцаагчид Пак Гын Хэ-гээс асуух аж.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ