"Лалын улс"-ын толгойлогчийн цуваанд агаараас цохилт өгчээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-10-12 10:27:54

БАГДАД. /NHK/. “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадигийн явсан цуваанд агаараас цохилт өглөө гэж Иракийн арми өчигдөр мэдэгдэв. Түүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна.

Иракийн баруун нутгийн Анбар мужид явсан Багдадигийн цуваанд Иракийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд цохилт өгсөн байна. Тэрбээр бүлэглэлийнхээ командлагчидтай уулзахаар Карабла хотыг зорьж байжээ.

Агаарын цохилтын дараа түүнийг машинд суулган өөр тийш авч явсан гэж мэдэгдэлд дурдсан байна.

Мөн командлагчдын уулзалт болж байсан газарт агаараас цохилт өгч, олон командлагчийг устгасан байна.

Багдади АНУ-ын агаарын цохилтод өртөж, шархадсан гэх мэдээлэл сүүлийн хэдэн сард гараад байгаа билээ. Гэвч энэ мэдээлэл худал гэж “Лалын улс” бүлэглэл дуу бичлэгээр мэдэгдэл хийж, няцаажээ.

Иракийн хэвлэлд мэдээлснээр, өнгөрсөн сард Багдади Иракийн хоёр дахь том хот болох Мосулаас Анбар мужийн гол хот болох Рамади руу нүүжээ. Иракийн Засгийн газрын хүчин тус хотыг босогчдоос эргүүлэн авахаар тулалдаж байгаа билээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ