"Индиана", "Оклахома" багууд аваргын төлөө өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-01 21:58:51

ИНДИАНАПОЛИС, 2025 оны зургаадугаар сарын 1 /forbes.ru/. Ням гарагт шилжих шөнө “Индиана Пэйсерс” баг талбайдаа “Нью-Йорк Никс” багийг хожсоноор Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны финалд шалгаран үлдлээ.


Хасагдах шатны хагас шигшээгийн цувралын зургаа дахь тоглолтод Рик Карлайлын дасгалжуулсан “Индиана”-гийн сагсан бөмбөгчид өрсөлдөгчөө 125:108 (25:24, 33:30, 34:23, 33:31) харьцаагаар буулган авснаар Дорнод бүсийн финалын цувралд 4:2 харьцаагаар давамгайллаа. Одоо тэд Барууны бүсийн плей-оффоос шалгарсан “Оклахома-Сити Тандер” багтай NBA-гийн аваргын төлөө өрсөлдөх бөгөөд финалын цувралын эхний тоглолт энэ сарын 6-нд шилжих шөнө “Оклахома”-гийн талбайд болно.  


“Индиана” ба “Нью-Йорк” багуудын тоглолтод “Индиана”-гийн довтлогч Паскаль Сиакам 31 оноо авч, таван удаа самбараас бөмбөг авч, гурван оновчтой дамжуулалт хийснээр шилдэг тоглогчоор шалгарлаа. Нью-Йоркчуудаас довтлогч Оу Жи Ануноби 24 оноо авч, 5 удаа самбараас авч, гурван удаа оновчтой дамжуулалт хийсэн байна.


“Индиана” баг 2000 оноос хойш анх удаагаа финалд шалгарсан бол “Оклахома” 1979 онд NBA-гийн аварга болж байв. Тус холбооны өнгөрсөн улирлын аварга бол “Бостон Селтикс” юм.  

Холбоотой мэдээ