Оросын зэвсгийг импортлогч орнуудыг Хятад улс тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-04 15:07:55

ЖУХАЙ. /TASS/. Хятад улс бол ОХУ-д үйлдвэрлэсэн зэвсгийг хамгийн ихээр импортолдог орнуудын нэг юм гэж Оросын зэвсэг экспортлогч “Рособоронэкспорт” төрийн өмчийн компанийн төлөөлөгчдийн тэргүүн Сергей Корнев мэдэгдлээ. Тэрбээр Хятадад болж байгаа Олон улсын нисэх хүчин, сансрын техникийн үзэсгэлэнд оролцох үеэрээ ингэж мэдэгдсэн байна.

“БНХАУ нь манай улсаас зэвсэг импортлогч гол орнуудын нэг байсаар ирсэн билээ. Сүүлийн үед Хятадад нийлүүлж буй Оросын зэвсгийн тоо хэмжээ нэлээд буурсан. Гэсэн хэдий ч Хятад улс манай зэвсгийг импортлогч гол орнуудын нэг хэвээр байна” гэж С.Корнев дурдлаа.

1990-2000 оны эхэн үе хүртэл БНХАУ, Энэтхэг хоёр Оросын зэвсгийг худалдан авагч гол орнууд байсан юм. Харин сүүлийн жилүүдэд Хятад улс батлан хамгаалахын аж үйлдвэрээ өргөтгөж байгаа учраас 2005 оноос хойш Оросоос зэвсэг худалдаж авах нь тодорхой хэмжээгээр буурсан байна. 2006 онд хоёр улс зэвсэг худалдах талаар 200 сая долларын гэрээ байгуулж байсан бол өмнө нь жилд дунджаар 1.5 тэрбум долларын гэрээ байгуулж байжээ.

"Бид БНХАУ-аас гадна Энэтхэгтэй өргөний хүрээнд хамтран ажилладаг. Мөн Ази-Номхон далайн бүс нутгийн хэд хэдэн оронтой хамтран ажиллах зорилго тавьсан. Түүнчлэн Ойрхи Дорнод, Хойд Африк, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнууд дахь оролцоогоо тэлж байна" гэж “Рособоронэкспорт” компанийн төлөөлөгч мэдэгдлээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ