СЭЛЭНГЭ: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын бүсчилсэн зөвлөгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал,
залуучуудын бүсчилсэн зөвлөгөөн энэ сарын 25-нд Сэлэнгэ аймагт боллоо.
Зөвлөгөөнд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв
аймгийн соёл, спорт, аялал жуулчлалын салбарын 87 удирдах албан хаагчид оролцлоо.
Тус зөвлөгөөнөөр соёл, спорт, аялал
жуулчлал, залуучуудын салбарын бодлого, стратеги төлөвлөгөөг боловсруулахад
санал солилцох, сайн туршлагыг хуваалцах, орон нутгийн онцлогт нийцсэн бодлогын
санал, санаачилга дэвшүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг
тодорхойлох чухал асуудлуудыг хэлэлцсэн байна.
Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг
даргын орлогч Ж.Сайнцог хэлсэн үгэндээ, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл
баримтлалд нийцүүлэн орон нутгийн брэндинг, бүс нутгийн онцлог, соёл, спорт,
аялал жуулчлалыг бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан урт, дунд, богино
хугацаанд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулан хэлэлцүүлж, 2026 оны
улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл, бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрт
тусгуулахаар энэхүү зөвлөгөөнийг тус аймагт зохион байгуулж байна.
Манай улсын соёл, урлаг, спорт,
аялал жуулчлалын салбар нь үндэсний дархлааг бэхжүүлэх, үнэт зүйлсийг түгээх,
соён гэгээрүүлэх, эрүүл бие бялдартай иргэн хүнийг бий болгох, эх оронч үзлийг
төлөвшүүлэх, эх орноороо бахархах, соёлын өв, үндэсний онцлогийг түгээх чухал
салбар юм” хэмээн онцлон хэллээ.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн
хэмжээнд соёл, урлагийн 26 байгууллагад
300 гаруй албан хаагч, спортын салбарт 140 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж, иргэдэд соёл, урлаг, биеийн тамир, спортын үйлчилгээг хүргэн ажиллаж
байна.
Сэлэнгэ аймаг, орон нутгийг
хөгжүүлэх урт болон дунд, богино хугацааны бодлогын бичиг баримтад Нүүдлийн
соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, таниулах. Мөн соёлын бүтээгдэхүүн
үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, бүх нийтийн соёлын боловсролыг
дээшлүүлэх.
Цаашлаад нийтийн биеийн тамир,
спортоор хичээллэгсдийг дэмжиж, хүн амын идэвхтэй амьдралын хэв маягийг
хэвшүүлэх, ногоон хөгжлийг дэмжин, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж,
аялал жуулчлалыг дэмжих гэсэн эрхэм зорилт тавин ажиллаж байгаа юм.
Энэхүү бүсийн зөвлөгөөний үеэр ажилдаа
манлайлж байгаа зарим иргэнийг төрийн дээд одон медалиар шагналаа.
-Төрийн дээд "Алтан гадас"
одонгоор Сэлэнгэ аймгийн Орхон сумын СТ-ийн дарга Б.Амартуяа, Хөдөлмөрийн хүндэт медалиар Сэлэнгэ аймгийн
СУАЖЗГ-ын ажилтан С.Мөнгөнцэцэг,
-Монгол Улсын Соёлын тэргүүний
ажилтан цол тэмдгээр Төв аймгийн Заамар сумын СТ-ийн дарга Г. Ууганбаяр,
-ССАЖЗЯ-ны "Жуух
бичиг"-ээр Төв аймгийн Баяндэлгэр сумын соёлын төвийн дарга Б.Түвшинбаяр, Төв
аймгийн Баян сумын соёлын төвийн дарга Ш.Өнөржаргал, Дархан-Уул аймгийн
СУАЖЗГ-ын мэргэжилтэн Б.Долгормаа, Сэлэнгэ аймгийн СУАЖЗГ-ын мэргэжилтэн
С.Хишгээ нарыг тус тус шагналаа.