Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.
Үдээс өмнөх хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэв. Энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцууллаа.
Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил нар Хууль зүйн байнгын хорооны даргаас асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Мөн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүдийн асуултад нэмэлт тайлбар өгсөн юм. Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө улсын хэмжээнд 800 орчим компани аж ахуйн нэгж хуулийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх нь үйл ажиллагааны цар хүрээ нь хүний заяагдмал эрхэд халдах хүртэл хэмжээнд явагддаг онцлогтой. Өнөөдрийн байдлаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг 127 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Дээрх хуулийн хүрээнд өмгөөлөгч дангаараа ажиллах, нөхөрлөл байгуулах эрх нь нээлттэй байгаа хэмээн тайлбар хийв.
Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлнэ. Хуралдаанаар ирэх оны төсөв, Хүүхэд харах үйлчилгээг сэргээх тухай зэрэг товд орсон асуудлуудыг хэлэлцэх юм.
Б.Туул