Академич Д.Цэрэнсодном агсны “Дуун ухааны өргөө”-г нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Цэрэнсодном агсны “Дуун ухааны өргөө”-г "Интермэд" эмнэлгийн 8 давхарт өчигдөр нээлээ.
Академич Д.Цэрэнсодном ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд 60 гаруй жилийн турш эрдэм судлалын ажил хийхдээ монгол бичиг соёлын үнэт өв болох Турфаны дурсгалууд, монгол ардын аман зохиол, “Монголын нууц товчоо”, Монголын бурхны шашны уран зохиол, уламжлалт анагаах ухааны судлалаараа нэрд гарсан эрдэмтэн юм.
Тэрбээр олон улсын нэр хүндтэй шагнал буюу Алтай судлалын алтан медалийг билгүүн номч Б.Ринченээс 50 жилийн дараа хүртэж байсан билээ. Тэгвэл “Дуун ухааны өргөө”-ний нээлтийн үеэр, түүний хүү Ц.Сүмбэр урьд өмнө гарч байгаагүй нэгэн шинэ мэдээллийг зочидтой хуваалцсан юм. Тэр нь академич Д.Цэрэнсодном 2000 оны босгон дээр Ромын папаас “Ватиканы алт, мөнгөн медаль”-ийг хүртэж байсан хоёр монгол эрдэмтний нэг байжээ.
Түүнчлэн Ц.Сүмбэр “Дуун ухааны өргөө”-г нээж хэлэхдээ “Уг өргөөний шавыг 27 жилийн өмнө тавьж байсан”-ыг онцлоод, “Аав маань 90 дөхөж наслахдаа асар их өвийг үлдээж, нийгэмдээ олон сайхан үйл хэргийг санаачилж явсны нэгэн тод жишээ нь энэхүү дуун ухааны өргөө гэж хэлж болно. Аавынхаа дурсгалд зориулж, түүний үлдээсэн өвөөс жил бүр 1-2 ном гаргаж байхыг бид зорьж байгаа. Өнөөдөр албан ёсоор нээж буй энэхүү өргөөнд зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийд монголын түүх, соёл, уран зохиолыг таниулсан бүтээлүүд нь хадгалагдаж байгаа юм” хэмээн тодотголоо.
“Дуун ухааны өргөө” нээх ёслолд ШУА -ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтнууд, МУИС, МУБИС-ийн багш нар зэрэг монгол хэл шинжлэл, шашин соёлын нэрт зүтгэлтнүүд оролцсон юм. Ингээд их эрдэмтний номын өргөөний нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочдын сэтгэгдлийн хуваалцъя.
СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн
гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Сонинтогос ярихдаа, “Д.Цэрэнсодном гуай Монголын шинжлэх ухааны оргилуудын нэг байсан бөгөөд энэ салбарт асар
их хувь нэмрийг оруулсан хүн юм. Монгол судлалын төвөөс эрдэмтдийн цуврал
бүтээлийг гаргаж байгаатай холбоотой багшаас нэг удаа “таных хэзээ гарах вэ?”
гэж асуухад хуучин зүйлийг шавь нар маань эмхэтгэнэ биз, тайлбарлаж судлах асар
их материал өмнө минь байна гэж хариулж байсан юм. Хамгийн сүүлд багштайгаа
“Профессорын үг” номын найм дахь цувралд оруулах талаар төлөвлөгөө гаргаж
байлаа. Энэ ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж бодож байгаа. Монголын шашин судлал, Монголын
нууц товчоо, Турфаны судлал гээд олон улсад нэрд гарсан үнэхээр их юм хийсэн
хүн байжээ. Их л том оюуны сан хөмрөгийг ирээдүй хойчдоо үлдээж дээ. Мөн залуу
үеийнхэн аливаа юмыг хойш тавилгүй дор дор нь хийж байх ёстой юм билээ. Тэгэлгүй
алгуурдаж цаг алддаг гэм бий. Тэр сургамжийг С.Цэрэнсодном багшаасаа харлаа. Аливаа
юманд хүндэтгэлтэй ханддаг, хошин шогийн их мэдрэмжтэй, уулзах болгонд шинэ
санаа, урам зориг өгдөг сайхан хүн байв. Ийм сайхан өв үлдээгээд их зүйлийг амжуулаад
явсанд нь багшдаа бид баярлаж явдаг” хэмээн ярилаа.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал асан, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ж.Бат-Ирээдүй ярихдаа “Манай ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, профессор Д.Цэрэнсодном гуай амьдралынхаа туршид хийж цуглуулсан ном, бүтээлээр нь номын өргөө байгуулжээ. Бид маш их баяртай байна. Сонирхсон хэн бүхэн номын өргөөнд нь ажиллах, боломжийг бүрдүүлжээ. Ажлын шугамаар өнгөрсөн жилүүдэд Д.Цэрэнсодном багштайгаа хамтарч ажиллаж байлаа. 2020 оноос монгол хэл, зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулан “Монгол хэл, шинжлэлийн үнэт дурсгалууд”, Мэргэдийн гэгээн Данзандагвын тухай маш сайн бүтээлийг манай эрдэмтэн судлаачидтай хамтран гаргаж байлаа. Насан өөд болтлоо монгол хэл, соёлын төлөө идэвхтэй ажиллаж, бүтээлээ туурвиж байсан эрдэмтэн багш минь байлаа” хэмээв.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн утга зохиолын салбарын эрдэм шинжилгээний ажилтан С.Байгалсайхан, “Д.Цэрэнсодном гуайн хувийн цуглуулга, эрдэм шинжилгээний ажил, 60 гаруй жил хийсэн ажлынх нь үр дүнг нэг талаас харахад хувийн үзэсгэлэн, архив, зураг, номууд гэж харахаар боловч, нөгөө талаасаа, 1950-иад оноос эхэлж системтэй хөгжсөн Монголын шинжлэх ухаан, тэр дундаа монголын хэл бичиг, утга соёл судлалын хөгжлийн нэг түвшинг харуулах том үйл ажиллагаа болж байна. Энэ хүн монгол ардын аман зохиол, монголын бичгийн уран зохиол, XIV зууны нэрт яруу найрагч Чойжи-Одсэрээс эхлээд “Монголын нууц товчоо”-ны судлал зэрэг бахархалтай олон чиглэлээр ажилласан. Миний бие МУИС-ийг төгсөөд 1984 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд ажилд ороход Германаас дөнгөж ирчихсэн байсан л даа. Түүнээс хойш нэг тасагт 30 жил хамт ажиллажээ. Д.Цэрэнсодном гуай бол ёстой л эрдэм номын мөр хөөсөн хүн байсан юм” хэмээн дурсамжаа хуваалцсан юм.