Монголын жүдочид Душанбегийн “Их дуулга”-аас таван медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын тэмцээний тав дахь цуврал Тажикистаны Душанбе хотод болж, манай улс таван медаль хүртлээ.
Тодруулбал, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нарын удирдлага дор 17 жүдоч оролцсоноос хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай тэмцээнээс дуусгаж, багийн нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт жагсав. Энэ оны тав дахь их дуулгын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 63 кг-д Б.Ганхайч нар алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр мөнгө, 60 кг-д Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн +78 кг-д Д.Номинзул нар хүрэл медаль хүртсэн байна.
Ж.Анударь
“Их дуулга”-аас анхны медалиа авсан бол Б.Ганхайч зургаа дахь медалиар хүртэж
байна. Ингэхдээ тэр “Их дуулга”-д анх удаа түрүүлсэн юм. Хамгийн сүүлд 2024 оны
хоёрдугаар сард зохион байгуулсан Парисын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн.
Үүний дараа ААШТ-ээс мөнгөн медаль авснаас хойш бэртлийн улмаас тэмцээнд оролцож
чадаагүй тэрбээр нэг жил нэг сарын дараа олон улсын тавцанд дахин гарснаар “Их
дуулга”-аас дахин медаль авч байна. Тэгвэл олон улсын хэмжээний мастер
Б.Эрдэнэбаяр “Их дуулга” тэмцээний иж бүрэн медальтай болов. Харин тэмцээний
сүүлийн өдөр +78 кг-д Д.Номинзул хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ нь түүний
карьер дахь “Их дуулга”-ын хоёр дахь медаль юм. Өмнө нь тэр Улаанбаатарын “Их
дуулга”-аас хүрэл медаль хүртэж байлаа.
Монголын жүдочдын дараагийн тэмцээн Казахстанд зохион байгуулах “Их дуулга” байх болно.