Нэрт хөлбөмбөгчин М.Клозе зодог тайллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-11-02 12:32:36

БЕРЛИН. /Xinhua/. Зодог тайлсныхаа дараа дасгалжуулагчаар ажиллахаар болсноо Германы хөлбөмбөгийн шигшээ багийн ахмад тоглогч бөгөөд Италийн “Лацио” клубын довтлогч асан Мирсолав Клозе мягмар гарагт мэдэгджээ.

Нийтдээ 529 тоглолтод оролцохдоо 213 удаа гоол оруулсан М.Клозе Германы шигшээ багт дасгалжуулагчаар ажиллахын тулд зодог тайлжээ.

Тэрбээр “миний амжилт шигшээ багтай салшгүй холбоотой. Би энэ багтай бүх амжилтаа хамт тэмдэглэсэн. Тиймээс би Германы хөлбөмбөгийн холбоонд эргэн ирж байна” гэж ярьжээ.

Өдгөө 38 настай довтлогч залуу 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолтонд Аргентины хаалганд гоол оруулснаар Германы шигшээ баг 1:0 харьцаагаар ялж, дэлхийн аварга болж байлаа. М.Клозе энэ зун “Лацио”-гоос гарснаасаа хойш ямар нэгэн багт харьяалагдахгүй байсан юм.

Германы дасгалжуулагч Йоахим Лев ярихдаа “Клозе манай багт харьяалагдах болсонд би маш их баяртай байна. Манай тоглогчид одоо түүний ур чадвар, туршлагаас суралцах боломжтой боллоо” гэжээ.

Клозе 1998 онд “Хомбург” клубээс хөлбөмбөгчний гараагаа эхэлж, дараа нь “Кайзерслаутерн”, “Вердер Бремен”, “Байерн Мюнхен” болон “Лацио” багуудад тоглож байв.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ