Пап Францис таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-04-21 16:14:36

ВАТИКАН, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /Reuters/. Ромын Католик сүмийн Латин Америк гаралтай анхны тэргүүн, Пап лам Францис таалал төгссөн тухай Ватиканы хэвлэлийн алба даваа гарагт дүрс бичлэгээр дамжуулан мэдэгджээ.


88 насыг зооглосон тэрбээр саяхан хоёр уушгиндаа хатгаа туссаны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм.


Эрхэм ах дүүс, эгч дүүс ээ, бидний Ариун Эцэг Францис таалал төгссөн гунигт мэдээг миний бие гүн эмгэнэлтэйгээр уламжилж байна. Өнөө өглөө 7:35 цагт Ромын хамба лам Францис Эцгийн гэрт эргэн заларлаа” гэж Кардинал Кевин Фаррелл Ватиканы телевизийн сувгаар мэдээлжээ.


Түүний жинхэнэ нэрийг Хорхе Марио Бергольо гэдэг бөгөөд тэрбээр 2013 оны гуравдугаар сард Пап лам XVI Бенедикт албан тушаалаасаа огцорсны дараа Католик сүмийг удирдахаар сонгогдсон юм.


Пап лам Францис өөрийн бүхий л амьдралыг Их Эзэн болон Түүний сүмийн төлөө зориулсныг Кардинал К.Фаррелл цохон тэмдэглэжээ.


Дэлхийн улс орнуудын удирдагчид түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон түүнийг даруу төлөв хүн гэж тодорхойлсон бол Нидерландын Ерөнхий сайд Дик Схоф ​“католик шашинтнууд төдийгүй католик шашин шүтдэггүй хүмүүсийн хувьд үлгэр дуурайлал” байсан гэж үнэлжээ.


Пап лам олон мянган сүсэгтнүүдэд хандан Улаан өндөгний баярын мэндчилгээ дэвшүүлэхээр Гэгээн Петрийн талбайд гарч ирснээсээ хойш нэг өдрийн дараа таалал төгсжээ

Холбоотой мэдээ