Сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:25:47

2015-2016 оны хичээлийн шинэ жил  уламжлал ёсоор 9 дүгээр сарын 1-нд эхэлж, хаа сайгүй хөл хөдөлгөөн ихсэж, том багагүй зуны амралт дуусч, намрын ажил албан ёсоор эхэлж байгааг сануулдаг. Энэ өдөр Ховд аймгийн Боловсролын Газрын дарга Б.Ундрахтай уулзаж ярилцлаа.

- Ховд аймагт энэ оны шинэ хичээлийн жилд хэдэн сургуульд,хичнээн хүүхэд суралцах вэ?

 -2015-2016 оны хичээлийн жилд Ховд аймгийн 24 сургуульд  яг одоо урьдчилсан байдлаар 18710 хүүхэд суралцах тооцоо гарчээ.  Шинээр 1 дүгээр ангид 1865 хүүхэд,  сургуулийн өмнөх боловсролын байгууллагад  6895 хүүхэд суралцах судалгаа гараад байна.Аймгийн хэмжээнд  ЕБС-ийн 24 сургууль, төрийн өмчит 28, хувийн 12 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна.

-Энэ хичээлийн жилийн онцлог юу вэ?

 -Энэ хичээлийн жилийн онцлог  өнгөрсөн жил Үндэсний хэмжээнд Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил  зохион байгуулсан. Өнөө жил дээр нь нэмэгдээд Сургуулийн өмнөх  байгууллага суурь боловсролын сургалтын  цөм хөтөлбөр үндэсний хэмжээнд түгээн дэлгэрэх  гэж байгаагаараа онцлог.  Цөм хөтөлбөр нь  өөрөө цоо шинэ агуулга , аргазүй, өнгө төрх хадгалж байна.

Өмнөх жил бид хүүхдүүдээ зөвхөн эрдэм мэдлэг эзэмшүүлэх гэж зүтгэдэг арга барилтай байсан бол бага боловсол суурь боловсролын  түвшинд хэрэгжих цөм хөтөлбөр нь өөрийн онцлогтой.

- Тухайлбал  өмнөх хичээлийн жилээс яг ямар онцлог ялгаатай вэ?

-  Хүүхдүүд эрүүл мэндийн хувьд сайн,  бие бялдар ёс суртахуунлаг байдлыг илүү  чухалчилсан. Энэ суурь дээр үндэслээд   эрдэм мэдлэгтэй зөв монгол хүүхэд бий болгоё гэсэн зарчим руу явж байгаа нь чухал юм.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын цөм хөтөлбөрийн гол  зарчим нь хүүхдүүд цэцэрлэгт тоглонгоо хөгжих гэдэг  арга дээр тулгуурлаж байна.

-Сургуулийн өмнөх байгууллагын боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

- Манай аймгийн төрийн өмчийн 24 цэцэрлэгт БСШУЯ-наас тус бүр 3 сая төгрөгийн тоглоом олгосныг өнөөдөр хүлээн авч үйл ажиллагаагаа  эхлэх гэж байна.

Хүүхдүүд цэцэрлэгтээ  нэг нэгэнтэйгээ тоглох явцдаа л хөгжих ёстой.Цэцэрлэгийн хүүхдийн 3 настайд нийт хүний суурь  боловсролын 70 хувь  олгогдог гэдэг.

Мөн сургуулийн өмнөх боловсролын хэрэгжилтэд  хүүхэд болгон эх хэлээ эзэмших сурах арга барилд анхаарал хандуулна.Суурь боловсролын шатанд хүүхдүүд шинжлэх ухааны мэдлэгээс  сонгож  дээрээс нь бие дааж сурах арга барил эзэмших  гэж байгаагаараа онцлогтой.

- Шинээр хэрэгжих цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын эхлэлийг яаж тавьсан бэ?

-Сургуулийн өмнөх боловсролын байгууллага сургалтын цөм хөтөлбөрийг энэ хичээлийн шинэ жилд хэрэгжүүлэхдээ,хичээл эхлэхийн өмнө Ховд аймгийн нийт сургуулийн удирдлага, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч,  хичээлийн эрхлэгч, нийт багш нарт Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалт зохион байгуулсан.

Багш нар  хандлага, сэтгэлгээгээ өөрчлөх ёстой, тэгж байж цөм хөтөлбөр хэрэгжинэ.

- Сургууль, анги танхимын  хүрэлцээ хэр байгаа вэ?

- Аймгийн хэмжээний  24 сургууль анги танхим байр хүрэлцээтэй. Харин аймгийн төвд байгаа Нэгдүгээр сургууль, "Цаст алтай","Прогресс" сургууль нэлээн ачаалалтай байна. Боловсролын хуулиар ямар сургуулиа  сонгож суралцах нь тухайн хүний эрх учир тойрог сонгох боломжгүй.

-Цэцэрлэгийн хүрэлцээ ямар байгаа вэ? Ялангуяа хоёр настнуудад бэрхшээл их гардаг шүү дээ?

-Цэцэрлэгийн хувьд шинээр орох гэж байгаа хоёр  настнуудад бэрхшээл тулгарч байна. Аймгийн төвд байгаа 12 цэцэрлэгт хоёр настай  хүүхэд авахгүй байна гэсэн бухимдал байна. Гэхдээ хувийн хэвшлийн 12 цэцэрлэг  бидний ажлыг хуваалцаж дэмжиж  байгаад хувийн цэцэрлэгийнхэндээ талархаж байна. Хувийн цэцэрлэгийн хүүхдийг төрийн өмчийн цэцэрлэгийн ижил түвшинд  цөм хөтөлбөрийн үзэл баримтлалаар,  боловсролын ижил түвшинд явуулна гэдэг бодлого барьж дэмжиж ажиллана.

-Цэцэрлэгийн хүрэлцээ гол бэрхшээл болоод байна.Шинээр аймгийн төвд  13 цэцэрлэг Бичигт багт хуучин СОТ-ын байр улсын хөрөнгөөр худалдаж авсан.Худалдан авах ажиллагааны газар цэцэрлэгийн барилга засварлах  тендер зарлаж байна. Энэ жилдээ багтааж 13 дугаар цэцэрлэгийн хэвийн үйл ажилагааг хангаж  ажилуулна.

-Дотуур байрны хувьд хүрэлцээ хэр байна вэ?

-Дотуур байрны мэдээлэл энэ сарын 20-нд манайд  ирж, 25 нд яамандаа мэдээлнэ. Дотуур байранд суух хүсэлтэй  хүүхдийн 90 хувийг хамруулж байна.

Хүүхдийн эрх хөгжил төсөл Норвегийн тусламжийн байгуулагатай хамтран төсөл хэрэгжүүлснээр Ховд аймаг тэргүүлэх чиглэлтэй дотуур байртай аймаг болж  нэг алхмын өмнө явж байна.

-Энэ хичээлийн жилийн өмнө Эрдэнэбүрэн  суманд ”Хүчирхийлэлгүй дотуур байр” сургалтыг   БШУЯ,БСГ Хүүхдийн эрх хөгжил төсөл хамтран Баян өлгий аймгийн дотуур байрны багш,үйлчилгээний ажилчдыг оролцуулсан.Одоо Дотуур байранд хүүхдээ хүлээн авах асуудал бэлэн болсон.

 -Манай аймгийн боловсролын салбар шинэ хичээлийн жилээ ямар амжилтаар угтаж байна вэ?

-Өнгөрсөн оны хичээлийн жилд бага боловсролын цөм хөтөлбөр  амжилттай хэрэгжүүлсэн топ 5 аймгийн нэгээр манай аймаг шалгарсан. Энэ амжилт бидэнд цаашид ажиллах ,эрч хүч нөөц  боломж байгааг илэрхийлж байна.

Дээр нь бидний хураасан хамгийн том ургац юу вэ гэхээр элсэлтийн шалгалт бол манай салбарын хамгийн том дүн байдаг.Энэ дүнгээрээ улсдаа  516,8 дундажтай улсад 3 дугаар байранд орсон.Ийм том ургац хурааж авсан том амжилттай  хичээлийн шинэ жил эхэлж байна.

 9 дүгээр сарын 1- ний өдөр бол багш сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарт ажилладаг бидний хувьд үнэхээр баяр жаргалтай сэтгэл сэргэсэн сайхан өдөр байдаг.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд