600 кг гоймонтой шөл асгасныхаа төлөө уучлалт гуйжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-11-01 11:07:25

КУАЛА-ЛУМПУР. /BBC/. Малайзын "Мердека плаза" гэдэг нэгэн худалдааны төв “sarawak laksa” гэдэг нэртэй халуун ногоотой 600 кг шөл хийснээр гудамжны хоолны төрөлд рекорд амжилт тогтоосныхоо дараа хийсэн уг шөлийг шууд асгасан байна. Үүнийхээ төлөө тус төв Малайзын иргэдээс уучлал гуйжээ. 

"Тогооч Ван" гэж алдаршсан нэрт тогооч Датук Редзуван Исмайл уг шөлийг хийхэд оролцсон аж. 

Дээрх худалдааны төвийн ерөнхий менежер Чиэ Хен Мүн-ий ярьснаар бол, аварга том савтай шөлнөөс таагүй үнэр ханхалж эхэлсэн байна.

Харин олон нийтийн сүлжээний хэрэглэгчид 1500 аяганд хуваан хийж болохоор их хэмжээний хоолыг зүгээр л асгаж хаясныг буруушаажээ. “Facebook” хуудсанд нь бухимдсан хүмүүсийн асар олон сэтгэгдлүүд бичигдсэний дараа дээрх худалдааны төв уучлалт гуйхаас аргагүйд хүрсэн байна.    

Гоймонтой шөлийг хийхийн тулд 15 тогооч 18 цагийн турш ажилласнаас гадна 100 кг гоймон, 225 кг будааны гоймон, 90 кг хавч, 1008 ширхэг өндөг, 80 кг тахианы  мах зарцуулжээ.

Дашрамд дурдахад, будааны гоймонгоор хийсэн халуун ногоотой ийм шөл бол Борнео арал дээр амьдардаг Саварак мужийнхны хувьд брэнд хоол нь юм.

Албан ёсны мэдээллээр бол, Малайзад өдөр бүр 15 мянган тонн хоол хүнс хаягддагаас 3000 тонн нь хүмүүс идэж болохоор хоол байдаг аж.

Х.Сарнай

 

 

 

 

 

Холбоотой мэдээ